Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Мексикийн хил дагуу босгосон хана хэрмийг үгээ олохгүй магтжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн Дональд Трамп хууль бус цагаачлалыг зогсоохын тулд Мексикийн хил дагуу хана хэрэм босгох тухай ярьж байв.

Өчигдөр тэр уг хананыхаа эхний хэсэгтэй танилцаж, дээр нь гарын үсгээ зурж үлдээжээ. АНУ-ын конгресс түүнд хана хэрэм босгох хөрөнгө гаргахыг зөвшөөрөхгүй байгаа.

Гэвч тэрээр Пентагоны барилга байгууламжийн төсвөөс $3.6 тэрбумыг илүүчилж, мөрөөдөл болсон хананыхаа эхний хэсгийг бариулаад байна.

Трамп анх сонгогдохдоо хана хэрэм босгох хөрөнгийг Мексикийн засгийн газраар төлүүлнэ гэж мэдэгдэж байв.

Сан Диегогийн ойролцоо хил дээр босгосон ган хийцтэй ханыг Трамп өчигдөр сэтгүүлчдэд танилцуулахдаа үгээ олохгүй магтсан юм. Тэрээр 9 метр өндөр хэрмийг “дэлхийн стандартын хамгаалалтын систем” хэмээн нэрлэж, онцлог давуу талуудыг нь тайлбарласан байна.

Тухайлбал хэрэмний цаана Мексикийн талд юу болж байгааг хянах боломжтойгоор сараалжилсан хэлбэртэй хийгдсэн, дэлхийн гурван улсын туршлагаас суралцаж байгуулсан, халуун агаарыг шингээх чадвартай тул дээр нь өндөг шарсан ч болно гэж ярьжээ.

Хана хэрэмний бетон суурь газарт гүн сууж өгсөн тул доогуур нь хонгил ухах боломжгүй гэнэ. “Манай хана бол Роллс Ройс л гэсэн үг” гэж гайхуулсан Трамп харамсалтай нь мөнгө хөрөнгө хүрээгүйн улмаас хар өнгөөр будаж чадалгүй, зэвэрсэн хүрэн өнгөтэй болсныг хэлсэн байна.

Тэрээр өнгийг нь “сайхан, хүчирхэг, бат бэх харагдах өнгө” гэж магтжээ.

Трамп хоёр улсын нийт 3,126 км урт хил дагуу бүхэлд нь ийм хамгаалалт байгуулах зорилготойгоос эхний ээлжинд 885 км-ыг нь гүйцээх гэж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press