Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обама: Ерөнхийлөгч хүн сошиал медиа, зурагтнаас хол байх хэрэгтэй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр мэдээллийн технологийн нэгэн арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилсэн агуулгатай зүйл ярьжээ.

Арга хэмжээнд оролцогчид түүнээс ерөнхийлөгч байхдаа мэдээллийг хэрхэн боловсруулдаг байсан талаар нь асуусан байна.

Барак Обама мэдээлэл дээр шинжилгээ хийж, гол агуулгыг нь танилцуулдаг хүчтэй багтай байх нь ерөнхийлөгчийн хувьд хамгийн чухал гэж хэлжээ.

“Асар их мэдээллийг ерөнхийлөгч өөртөө шууд хүлээн авах хэрэггүй. Хариуцсан баг нь мэдээллийг хамгийн оновчтойгоор товчлон багцалж, асуудлын ерөнхий хүрээг нь танилцуулж чаддаг байх ёстой. Бас нэг чухал зүйл нь ерөнхийлөгч өөрөө сошиал медиа хэрэглэж, зурагт үзээд хэрэггүй. Ерөнхийлөгч болсон хүнд өгөх миний зөвлөгөө энэ байна” гэж Обамаг ярих үед танхимд суусан хүмүүс нирхийтэл инээлдсэн байна.

Түүний хэлсэн энэ үг одоогийн ерөнхийлөгч Дональд Трампад чиглэсэн нь тодорхой байгаа юм. Трамп нь зурагтаар мэдээ байнга үзэж, твиттер сүлжээгээр мэдэгдэл цацдагаараа алдартай.

Саяхан гарсан судалгаагаар тэр сарын хугацаанд дунджаар 284 мэдэгдэл твиттер хуудсаараа хийдэг бөгөөд уг давтамж улам бүр нэмэгдэж байгаа гэнэ.

Гэтэл эсрэгээрээ Дональд Трампын албан тасалгаандаа ажиллах цаг буурсаар байгааг уг судалгааны тайланд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian