Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-гийн баг Оросын тэрбумтнаас Хятадын тэрбумтны мэдэлд түүхэн дээд үнэ ханшаар шилжив

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Михайл Прохоров

Оросын тэрбумтан Михайл Прохоров өөрийн эзэмшдэг АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны Брүүклин Нэтс багийг Канадын иргэн Жозеф Цайд бүрэн зарж шилжүүлжээ.

55 настай Жозеф Цай нь Хятадын Алибаба группын үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний хөрөнгийн хэмжээг $9.9 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцолсон байдаг.

 
Жозеф Цай

53 настай Прохоров өнгөрсөн онд сагсан бөмбөгийн баг болон Барклэйс Сентэр спортын ордныхоо 49 хувийг Канадын тэрбумтанд $1 тэрбумаар зарж байв. Харин өчигдөр үлдсэн 51 хувийг $1.35 тэрбумаар зарах гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээний дүн нийт $2.35 тэрбум болсон нь дэлхийн спортын салбарын наймаанд дээд амжилт болж байна. Өмнө нь Дэвид Тэппер $2.2 тэрбумаар NFL-ийн Каролина Пантерс багийг, мөн ийм дүнгээр Тиллмэн Фертитта NBA-гийн Хьюстон Рокетсыг худалдан авч байсан нь дээд амжилтад тооцогддог байв.

Прохоров 2010 онд Нью Жерси Нэтс багийг худалдан авч, сүүлд орос хүн ам олонтой Брүүклинд нүүлгэн шилжүүлж байжээ.

Барклэйс Сентэр спортын ордны 45 хувийг, Брүүклин Нэтсийн 80 хувийг эзэмшдэг байсан Прохоров 2015 онд хоёуланг нь 100 хувь өөрийн эзэмшил болгож байв.

Сүүлийн үед Брүүклин Нэтс баг NBA-гийн одууд болох Кэвин Дюрант, Кайри Ирвинг нартай гэрээ байгуулж, чансаагаа амжилттай өсгөөд байгаа.

Михайл Прохоров нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС