Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Бэлчээрийн 78.2 хувь нь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртөөд байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Уулзалтад Швейцар, Герман, Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланк, Вьетнам улсаас төлөөлөгчид, Сангийн яам, ОБЕГ, Даатгалын байгууллагынхан оролцож уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн даатгалын эрх зүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Энэ үеэр СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбат Гамшгийн даатгалын чиглэлээр эрхзүйн зохицуулалт шаардлагатай байгаа учраас СЗХ, ОБЕГ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа болон Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын компаниуд гамшгийн даатгалын бүтээгдэхүүн гаргаж болох ч зах зээлд хүрэхгүй, иргэдийн ойлголт дутмаг байсаар байгааг хэлж байв.

Тэгвэл сүүлийн 10 жилд Монгол Улсад 44,177 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилбал,

 

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн "2009-2010 оны өвлийн цочир хүйтэн, их хэмжээний цасны уналт болон урт хугацааны туршид үргэлжилсэн хахир хүйтэн, зудын хүндрэл бэрхшээлийн улмаас Монгол Улсын нийт малын 23 гаруй хувь буюу 10 сая гаруй толгой мал хорогдсон байдаг.

Мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн уламжлалт салбар, хүн амын дийлэнх нь хөдөө орон нутагт мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд 2009-2010 оны байгалийн гамшиг, зудын хор уршгаар малаа алдсан малчдын тоо олширч, амьдрал ахуйд ихээхэн хүндрэл учруулсан энэ нь эргээд тэдний аж ахуй амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөн хот суурин газарт суурьших нь давхар эрсдэлийг бий болгох үндэс болж  байгаа нь даатгалын тогтолцоо зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.

Малын индексжүүлсэн даатгалын хүртээмж тийм ч сайн биш байна. Индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин Доржийн 20 мал хорогдсон тохиолдолд даатгалаас шууд нөхөн төлбөр гаргаж өгдөггүй. Тухайн сумын хэмжээнд тодорхой хохирлын заагт хүрсэн тохиолдолд нөхөн олговор олгодог учраас хүндрэлтэй байдаг.

Мөн даатгалын тарифтай холбоотой асуудлууд байна. Хамгийн гол асуудал бол сэтгэхүй. Манай малчдад эрсдлээс урьдчилан сэргийлэх гэхээсээ илүү гамшигт өртсөн тохиолдолд төрөөс юм авна гэх ойлголт байдгаас үүдэлтэйгээр даатгалын хүртээмж бага байна" хэмээн тайлбарлалаа.

Уур амьсгалын өөрчлөлт уламжлалт мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгаа вэ? /Д.Баасансүрэн даргын илтгэлд дурдагдсанаар/

  • Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940 оноос 2013 он хүртэл 2.07 хэмээр буюу дэлхийн дунджаас 3 дахин илүү дулаарч, халуун өдрийн тоо 16-25-аар нэмэгдсэн.
  • Жилийн нийлбэр тунадасны хэмжээ 9.4 хувиар буурсан.
  • Зуны улиралд аадар борооны эзлэх хэмжээ эрс нэмэгдэж, зүсэр борооны хэмжээ багассан;
  • Цэвдэгт мандлын элэгдэл нэмэгдсэн.
  • Олон гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм ширгэсэн.
  • Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2-3 дахин ядуурсан; ургацын хэмжээ бүх нутагт 20-30 хувь буурсан.
  • Бэлчээрийн 78.2 хувь нь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртөөд байна.