Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын агаарын бохирдол сүүлийн гурван жилийн дээд хэмжээндээ хүрэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Сингапурын агаарын чанар “эрүүл мэндэд аюултай” түвшинд хүрсэн нь сүүлийн гурван жилийн хугацаанд анхны тохиолдол байв.

Жил бүрийн хуурайшлын улиралд хөрш Индонез улсад дал модны тос, цаасны аж ахуйн зориулалттай ой модыг шатааж цэвэрлэдэг нь агаарт их хэмжээний утаа униар үүсгэдэг байна.

Бямба гарагт Сингапурын байгаль орчны агентлагийн гол хэмжүүр болох Pollution Standards Index 86-аас 106-ын хооронд хэлбэлзэж байжээ. Энэ үзүүлэлт 100-аас дээш гарвал эрүүл мэндэд аюултай гэж үздэг.

Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард ийм түвшинд хүрч байжээ.

Бямба гарагт Сингапурын иргэдийн ихэнх хэсэг гадуур гаралгүй, гэртээ өдрийг өнгөрөөсөн байна. Сингапур нь цэвэр агаартайгаараа дэлхийд тэргүүлдэг хот.

Гэвч хөрш орны буруутай үйлдлээс шалтгаалан ийнхүү хортой агаараар амьсгалахад хүрээд байна. Зөвхөн Сингапур биш, Малайз улсын олон зуун сургууль өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлын улмаас хаалгаа барьж, утаанд автсан бүс нутгуудад хагас сая амны хаалт тараажээ.

Индонез улсын гамшгаас хамгаалах газар тус улсын зургаан мужийн нийт 23 сая хүн агаарын ноцтой бохирдолд өртөөд байгааг Бямба гарагт зарласан байна.

Хил дамнасан утаанд санаа зовж байгаагаа илэрхийлсэн захидлыг Малайзын ерөнхий сайд Махатхир Мохамад Индонезийн ерөнхийлөгчид бичсэн юм. 

Индонезийн засгийн газар гал тавьсан хэд хэдэн компанийн эсрэг хэрэг үүсгэн шалгахаар болсныг Баасан гарагт зарлаад байна.

Үүний хажуугаар тус улсын эрх баригчид утааны голомт дан ганц өөрийнх нь газар нутагт байгаа гэж үзэхгүй байгаа бөгөөд Малайзыг мөн агаарын бохирдол үүсгэсэнд буруутгаад байгаа.

Одоогоор Индонезийн нутагт 328,700 гектар газарт түймэр шатаж байгааг унтраахаар 9,000 гаруй хүн дайчлагдан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Reuters