Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын газрын тосны байгууламжууд дроны халдлагад өртөж, Ираныг АНУ буруутгалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Саудын Арабын газрын тосны хоёр том байгууламж дроны халдлагад өртсөний улмаас гал түймэрт автжээ.

Үүний улмаас Саудын Арабын эрх баригчид газрын тосны үйлдвэрлэлээ тал хувиар бууруулахад хүрсэн байна. Энэ нь өдөрт таван сая баррель буюу дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэлийн 5 хувь гэсэн үг.

Халдлагыг тус улсын хөрш Йемений Хути (бас хусит гэдэг) босогчдын бүлэг зохион байгуулснаа зарлажээ. Тэд 10 ширхэг дроноор халдлага зохион байгуулж, Саудын Арабын газар нутагт өөрийн хамгийн том цохилтыг өгснөө мэдээлсэн байна.

Саудын төрийн төв хэвлэл гал түймрийг хяналтдаа авсныг мэдээлжээ.

Халдлагад өртсөн нэг байгууламж нь тус улсын төрийн өмчит Арамко компанийн хамгийн том үйлдвэр Абкайк бол нөгөө нь түүний ойролцоо оршдог Хурайсын газрын тос олборлох талбай юм. Саудын Араб нь өдөрт 9.8 сая баррель газрын тос үйлдвэрлэн гаргадаг. Хурайсын талбайгаас дэлхийн газрын тосны олборлолтын 1 хувийг хангадаг бол Абкайк нь дэлхийн газрын тосны хэрэглээний 7 хувийг нийлүүлдэг.

Хути босогчид өмнө нь дроны халдлага хэд хэдэн удаа зохион байгуулж байсан ч ийн хэмжээний хохирол учруулж байгаагүй юм. Хэрвээ Саудын Арабын засгийн газар шуурхай арга хэмжээ авч, үйлдвэрлэлээ хэвийн болгож чадахгүй бол дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ их хэмжээгээр өсөх магадлалтай боллоо.

Хути босогчдын бүлэг 2014 онд Йемений засгийн газрыг түлхэн унагасан бөгөөд тэр үеэс хойш Саудын Араб тэргүүтэй эвслийн хүч өмнөх засаглалыг дахин сэргээхийн тулд тэдэнтэй дайтаж байгаа.

Саудын эвсэлд Персийн булангийн орнууд багтаж, АНУ дэмжлэг үзүүлдэг.

Харин Хути босогчдыг Ираны засгийн газар дэмждэг юм.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салмантай утсаар ярьж, аюулгүй байдлаа хамгаалахад нь тусалж дэмжихээ илэрхийлжээ.

Дараа нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Иран улс дэлхийн газрын тосны хангамжийг тасалдуулах зорилгоор урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй халдлагыг үйлдлээ” гэж мэдэгдээд Ираны эсрэг хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

“Халдлагын цаана Тегераны эрх баригчид байгаа нь бараг 100 хувийн баталгаатай” гэж тэр нэмж хэлжээ.

Өмнөд Каролинагаас сонгогдсон Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грэм “Ойрх Дорнод даяар үймээн самуун дэгдээж байгаа Иран улс”-ыг шүүмжлээд “Тэдний газрын тосны байгууламжуудад цохилт өгөхөөс нааш ийм халдлага зогсохгүй” гэж мэдэгджээ.

Зургаадугаар сард Ираны зэвсэгт хүчин АНУ-ын тагнуулын дроныг буудаж унагасны дараа хоёр улсын хооронд дайн дэгдэх нөхцөл үүсээд байв.

Тухайн үед Дональд Трамп пуужингийн цохилт өгөхөөр бэлдэж байсан ч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилсөн гэдэг. Үүний дараа хэсэг хугацаанд намжаад байсан сөргөлдөөн ийнхүү дахин хурцдаж эхэллээ.

Тегераны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох зорилготой 2015 онд Иран болон дэлхийн том гүрнүүдийн хооронд байгуулсан гэрээнээс өнгөрсөн онд АНУ гарсан нь талуудын харилцааг муутгасан юм.

 

Эх сурвалж: BBC