Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Билгүүн номч” сургуулийн сурагчид рестораны дээвэрт суралцаж байна

Х.Доржпалам, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Баянзүрх дүүргийн I нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн, бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг МХЕГ-аас хийсэн гэх мэдээллийг манай сонин хүргэсэн.

Тэгвэл энэ удаа тухайн сургуулийн орчин нөхцөл ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Хяналт шалгалтаар тус сургууль нь зориулалтын байргүйгээс гадна, сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоог хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

Анги танхим стандартаас бага хэмжээтэй, барилгын мансардны хэсгийн шатны хөлийн алхмын урт, өндөр гишгүүрийн тоо их, эгц байрлалтай. Иймээс хүүхэд унаж бэртэх эрсдэлтэйгээс гадна, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг боловсруулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэх учир бид тус сургуулийг зорьсон юм.

Сансрын нүхэн гарц дээр очиход эгнэн байрласан олон ТҮЦ, баар, Караоке, зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байлаа. Энэхүү газар олны хөл хөдөлгөөнөөрөө захаас дутуугүй. Тус газрын замын хойд талаар орон сууцны хороолол байх бөгөөд урд үзүүрт нь “Днепр стейк хаус” ресторан байрлана. Хажуухан талд нь харин “Билгүүн номч" гэсэн хаягтай зарын самбар харагдлаа.

Ойртон очвол рестораны хоёр, гурван давхрыг өнгө өнгийн наамал цаасаар чимэглэсэн байв. Мөн дутуу нээсэн цонхоор хүүхдүүдийн шуугилдах чимээ сонсогдож байсан юм. Тиймээс бид хаалга татан дотогш орлоо. 40-50 хүн чөлөөтэй багтахаар рестораны тэнхим цэлийн харагдаж байсан бөгөөд үйлчлүүлэгч байхгүй байлаа. Гэвч хүүхдүүдийн цангинасан хоолой сонсогдсоор байв.

Угтан авах ажилтнаас нь сургууль руу хэрхэн орох талаар асуувал хойд талын хаалгаар ордог хэмээв. Биднийг тойрон ороход үүднээсээ авахуулаад танилцуулах самбар, цэцэг өрсөн давчуухан өрөө угтсан юм. Шатаар өгсөн дээш гарвал дотоод тохижилт муугүй боловч хүн зөрөх зайгүй багш ажилчид нь сандрангуй гүйлдэж байлаа. Тэдний дундаас юун гадны хүн холхиод байна гэсээр уцаарлангуй 50 орчим насны эмэгтэй угтан авсан юм.

Учир байдлыг хэлэхэд, үнэмлэхээ аваад ир. Хаанаас ямар худал мэдээ сонсчихоод явж байна гээд халгаасангүй. Харин утас цохиж хүмүүс ирчхээд байна та ирээд уулзах уу хэмээн ярьж байх нь сонсогдоно. Эргэн гарч эмэгтэйн шаардсан бичиг баримтыг барьж ортол хэдэн зүйлд тодруулга өгсөн юм.

Ингэхдээ бидний зургийг дарж, утасны дугаарыг авсан бөгөөд тус эмэгтэй албан тушаал болон овог нэрээ хэлэхээс татгалзлаа.

-МХЕГ-аас танайд ямар албан шаардлага тавьсан бэ?

-Манай сургуулийг жил бүр МХЕГ-аас ирж шалгаж байшин, барилгаа томруулж сайжруул гэсэн шаардлагыг тавьдаг. Өнөөдөр яагаад Монголд жирийн багш нар үйл ажиллагаа явуулж болдоггүй юм бэ.

Тэр бүү хэл өвөг дээдээс минь монгол гэртээ үр хүүхдээ сургаад болж байсан. Манай сургуульд ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй. Бусад сургууль шиг тэрбум, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс барилга, байшингаа томруулах боломж бололцоо муу байна. Эгэл жирийн багш нэр нэгдээд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байхад яагаад дарамтлаад байгаа юм бэ.

Өнөөдөр монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Би энэ талаар МХЕГ-аас ирж шалгасан хүмүүст хандаж хэлсэн. Та нар арай дэндүү дарамталж байна. Энд хэвийн үйл ажиллагаа явж байгааг ч хэлсэн.

-Танай сургууль дээр ямар нэгэн зөрчил урд өмнө гарч байв Уу?

-Манай сургууль дээр хүүхэд хоолноос хордсон тохиолдол гарч байгаагүй. Замын хөдөлгөөний аюулд өртөж байсан тохиолдол байхгүй. Манай сургуульд дандаа төрийн албан хаагч нарын хүүхэд сурдаг. Тиймээс манай сургуульд ямар нэгэн хулгайд холбогдох юм уу, зодоон цохионы хэрэгт орооцолдох тохиолдол огт болдоггүй.

-Танай сургууль хэчнээн хүүхэдтэй вэ?

-Нэг ангидаа 7-8 хүүхэдтэй. Нийт 90 гаруй суралцагч бий. Нэг анги арав хүрэхгүй хүүхэдтэй. Манайх энд үйл ажиллагаа явуулаад удсан, тогтворжсон боловсролын байгууллага. Анх нээгдэхдээ 20 гаруй хүүхэдтэй байсан.

Жил ирэх бүр хүүхдийн тоо өсөн нэмэгдэж дээрх тоонд хүрсэн. Нэгдүгээр ангийн өөрөө бие засаж чадахгүй хүүхэд багшаас туслалцаа шаарддаг. Ачаалалтай ажиллаж байгаа энэ үед Монгол Улсын боловсролын ачааг үүрээд явж байгаа л ийм байгууллага.

Дээрээс нь манайх ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй. МХЕГ-аас танайх барилгаа өргөжүүл, том байранд ор гэсэн шаардлагыг удаа дараа бидэнд тавьсан.

-МХЕГ-аас хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлж болдоггүй юм уу. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид байр хайгаагүй биш хайсан. Олдож байгаа газар нь зочид буудал, караоке, паб биллиардын газар байдгаас гадна, шөнийн үйл ажиллагаа явуулдаг газрууд олддог. Дээрээс нь манай сургуулийн хүч хүрэхээргүй их мөнгийг шаарддаг. Энэ намар би МХЕГ-ын байцаагчдад энэ зовлонгоо хэлсэн.

-Юу гэж хэлсэн бэ?

-Монголд боловсролын үйл ажиллагаа явуулахад хэцүү байна. Монголчууд нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүс. Тиймээс хэтэрхий их өндөр стандарт тавих хэрэг байгаа юм уу. Өндөр, өндөр барилга гэх юм бол Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль олон байна гэсэн.

Би энэ талаар ерөнхий сайдад хандах юмсан гэж бодож байгаа. Хэзээ монголчууд эд хөрөнгө шүтэж, байшин барилгын стандарт ярьдаг болчихсон юм. Монгол гэртээ хүүхдээ хүмүүжүүлээд л байж байсан. Гэтэл өнгө үзэмж жаахан ядруухан байх юм бол их гоочилдог.

Манай сургуулийн хувьд хүүхдүүд маань ЭЕШ-ын дүн мэдээгээр 5-6 жил эхний аравт орсон.

-МХЕГ-аас танай барилгын шатны стандартын шаардлага хангахгүй байна гэсэн. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Стандарт ярих юм бол хаа ч хэцүү шүү дээ. Зарим сургууль нурж байна. Энэ байрны хувьд бол тийм айхавтар хэцүү биш. Шат зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс бид нэг давхартаа бага ангиа оруулдаг болсон. Бүр болохгүй бол хоёр ээлжээр хичээллэе гэж бодож байгаа. МХЕГ-ын дүгнэлт гараагүй байгаа. Манайх нүүх гэж үзээгүй биш үзсэн.

Хилийн цэргийн ойролцоо байдаг том өрөөнүүдтэй биллиардын газар ярьсан өндөр түрээстэй юм билээ. Тэнд нүүхээр болоод бүртгэл хийхэд 20 гаруйхан хүүхэдтэй болж байна лээ. Эцэг эхчүүд тийм хол газар хүүхдээ зөөнө гэж юу байх билээ. Өөрсдийнх эрх ашиг юм чинь. Ер нь хувийн сургууль сургалт хүмүүжил муутай бол хүүхдүүд сурахгүй. Төлбөрөө ч өгөхгүй. МХЕГ-д ханддаг.

Манай сургуульд иймэрхүү асуудал гарах нь бүү хэл гомдол санал огт ирдэггүй. Гэтэл барилгын стандарт ярьж их дарамталж байна.

Бидний яриа энд хүрээд дуусав. Тэрбээр сургуулийнхаа болон МХЕГ-ын шалгалтын явцын тухай ийн хариулсан юм. Тухайн сургуулийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Днепр стейк хаус” ресторанд хүүхдүүд “Үдийн цай”-аа уудаг гэх бөгөөд 15:00 цагаас хойш ажилладаггүй хэмээн дээрх эмэгтэй хэлж байлаа.

Зураг