Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батмөнх: Амиараа солиод ч болов үлдээхийг хүссэн үргэлжлэл минь бидний охин үр

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 13
Үндэсний шуудан
 

Энэ орчлонд төрөөд ойндоо ч хүрээгүй бяцхан охин Б.Амингэрэл үхэл амьдралын зааг дээр дэнжгэнэж байсан цаг саяхан.

Гэсэн ч элэг нэгт монголчуудынхаа сайхан сэтгэлийн дэмээр ижий, аавтайгаа жаргал дүүрэн торниж байна.

Б.Амингэрэл охин ээжээсээ мэндлээд cap гаруйхантай байхдаа цөсний замын битүүрлийн улмаас Монголдоо цөсөө авахуулсан юм. Гэвч элэгний хатуурал үүсэж яаралтай элэг суулгах хагалгаанд орох болсноор БНСУ-ыг зорив. Хагалгаа, эмчилгээнд нийт 440 сая төгрөг зарцуулах тооцоо гарч, бяцхан охины эцэг, эх Монголын ард түмнээс тусламж хүсэж, эмчилгээний зардлаа 100 хувь бүрдүүлж чадсан.

Эндээс л монголчууд бид хэчнээн уужуу сэтгэлтэй, амь тулахад нэгдэн нийлж чаддаг гэдгээ дахин харууллаа. Одоо бяцхан Б.Амингэрэл маань айх аюулгүй болжээ.

Охины аав Э.Батмөнхтэй цахим шуудангаар холбогдож, ярилцлаа.

-Юун түрүүнд бяцхан охиндоо донор болсон танаар бахархаж байна. Таны болон Б.Амингэрэлийн биеийн байдал хэр байна. Одоо айх аюулгүй болсон уу?

-Та бүхэндээ баярлалаа. Амиараа солиод ч болов үлдээхийг хүссэн үргэлжлэл минь бидний охин үр байлаа. Миний болон охины минь бие одоо маш сайн байгаа. Гэсэн ч эрхтэн солиулах хагалгаанд орсон хүмүүс насан туршдаа эмнэлгийн хяналтад байх шаардлагатай юм байна.

Охины маань хувьд хагалгаанд орсны дараах эхний хоёр жил маш чухал үе нь гэсэн. Юутай ч бид эмнэлгээсээ гарсан. Дархлаа нь сул байгаа учраас амархан нян халдах аюултай байна.

Гадуур эмчилгээ хийлгээд, тухай бүртээ эмчдээ үзүүлээд эмээ уугаад явж байгаа. Миний хувьд элэг маань бага багаар төлжиж байна гэсэн учраас эмчилгээ бол дууссан. Өдрийн цагаар суугаа ажил хийж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд охины тань хагалгаа амжилттай болсон гэдгээс өөр мэдээлэл хомс байлаа?

-Бид хагалгааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх цаг зав төдийлөн байсангүй. Монголын ард түмэн минь уучилж ойлгоорой. Миний охины бие хагалгааны дараа олон удаа муудсан. Хүнд үе олон гарч, бид хоёрыг их сандаргалаа. Ийм учраас хэнд ч мэдээлэл өгөөгүй юм шүү.

Үнэнийг хэлэхэд хүүхэд байн, байн муудаж хагалгааны өрөө рүү зөндөө гүйсэн. Сэтгэл зовнисон тэр өдрүүдийг зүгээр л чимээгүй залбирч өнгөрөхийг хүссэн. Одоо л бид амсхийж байна. Үнэхээр их баяртай байна.

-Хагалгааны төлбөр болох 440 сая төгрөг хандивын аянаар бүрэн цугларсан уу?

-Эхний хагалгаанд тооцоолсон 440 сая төгрөг ард түмнээс 100 хувь цугласан. Гэнэтийн хүндрэлээс болоод гурав дахь хагалгаанд орох болов. Энэ хагалгаанд 27 сая вон дутсан. Бид байр, машин бүх эд зүйлсээ зараад ирсэн учраас дахиад л ард түмнээсээ тусламж хүсэж, хагалгаагаа амжилттай болгосон. Монголчууд минь дэндүү сайхан сэтгэлтэй ард түмэн юм байна.

-Хагалгааны дараах эмчилгээнд өдөрт дунджаар хэдэн төгрөг хэрэг болж байна. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

-Долоо хоногтоо 1.4 сая орчим вонноор эмчилгээ хийлгэдэг. Заримдаа энэнээс ч их, эсвэл бага гардаг. Хагалгааны дараах эмчилгээг илүү үр дүнтэй сайн хийх хэрэгтэй. Энэ бүх эмчилгээг хийлгэж байж бүрэн тэнхэрнэ. Бид цаг үргэлж ард түмнийхээ талхны мөнгөнөөс гуйгаад байж болохгүй учраас би биеэ сайжирсны дараа ажил хийж эхэлсэн.

-Үрээсээ нэг хором ч харц салгахгүй, залбирч суусан ээжийн нуруу тэнийсэн нь дамжиггүй. Охиноо ээж нь харж байгаа юу? 

-Тийм ээ, миний охин ээжтэйгээ хамт байгаа. Хагалгаанд орох үед эхнэр маань маш хүнд сэтгэл зүйтэй үлдсэн. Эх хүн үрээ хагалгааны өрөөнд оруулаад унтуулгын , эмчид үлдээгээд гарах маш хэцүү байсан байх. Хагалгаанд орох үед гаднаа баяртай ч дотроо хүндхэн байсан.

-Та гурав маань Монголдоо хэзээ ирэх вэ?

-Монгол руу буцах арай болоогүй ээ. Эндээ хоёр жил эмчилгээ хийх шаардлагатай гэсэн учраас жилийн дараа л очих байх.

Өнгөрсөн хугацаанд биднийг чадах бүх зүйлээрээ дэмнэсэн монголчууддаа маш их баярлалаа. “Баярлалаа” гэдэг үгний цаана аз жаргал, итгэл найдвар, баяр хөөр, хайр гээд бүхий л сайхан зүйл оршин байдаг юм байна.

Энэ бүгдийг та бүхэн минь надад ухааруулсан. Гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтай. Охин үртэйгээ хамт байх боломжийг олгосон та бүхэндээ маш их баярлалаа. Охин минь инээж байгаа. Удахгүй нэг ой хүрнэ.

Зураг