Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл байхгүй болсныг тогтоолоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар МАХН болон бусад намын төлөөлөл мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгч өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа татсанаар энэ төсөл байхгүй болсныг тогтоолоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн саналыг татсан.

Анх УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Харин нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Түүнийг хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ хэлэлцүүлсэн нь хууль зөрчсөн асуудал болсон юм.

Учир нь хоёр төсөл нэг дор хэлэлцэнэ гэдэг утгагүй асуудал. Үүнийгээ тэд нэг л төсөл байгаа гэцгээсэн.

Аль алиных нь санал орсон нэг төсөл юм бол Саналаа өгсөн нэг хүн нь саналаа татчихаар тэр төсөл бүхэлдээ нурна гэсэн үг.

Ерөнхийлөгч саналаа татсанаар төсөл байхгүй болсныг тогтоолоо. Тиймээс одоо УИХ-д хэлэлцэх асуудал ч байхгүй болсон төдийгүй төслийг Ард нийтийн санал асуулгад оруулна ч гэж байхгүй.

Хэрвээ цаашид энэ асуудлыг үргэлжлүүлвэл дахин дахин хууль зөрчсөн асуудал болно.

Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Манай намын нөхдүүд ерөнхийлөгчийг гуйж байгаад хуулийн төслийг санаачлуулсан” гэдгээ хэлсэн нь энэ асуудал хуйвалдаантай байсныг илтгэж байна.

Харин өчигдөр Ерөнхийлөгч ийм бохир юмнаас нэрээ татаад гарч байгаад нь баяр хүргэх хэрэгтэй.

Одоо харин Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр дахь алхамаа хийх ёстой. Үндэсний их хуралдай эсвэл Үндэсний ажлын хэсэг байгуулан бүх намуудыг ороолцуулан шинэ Үндсэн хууль боловсруулах санал гаргах хэрэгтэй” гэв.

УИХ олон намын тогтолцоог устгах оролдлого хийсэн

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Улс төрийн 17 нам Үндсэн хуулийг хэлэлцэхээс эхлээд Үндсэн хуулиа зөрчиж байна гэж эрс эсэргүүцэж ирсэн.

Хамгийн наад зах нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ Төрийг удирдах зургаан зарчмыг зөрсөн.

Мөн УИХ  Үндсэн хуульд оруулах засаглалтай холбоотой ихэнх саналаа унагааж, МАНАН дэглэмийн саналаа дэмжсэн.

Тэд Монгол Улсын пармалентын засаглалын амин сүнс болсон олон ургалж үзэл буюу олон намын тогтолцоог устгах оролдлого хийсэн. Гэхдээ бид энэ хуулийг унасан гэж үзэж байна” гэв.

Үндсэн хуулиа хэлмэгдүүлэх дөхлөө

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Гэтэл хэлмэгдүүлэлт үргэлжлээд л байна. Өмнө нь тодорхой нэг хүнийг гүтгэж хэлмэгдүүлдэг байсан бол сая Үндсэн хуулиа хэлмэгдүүлэх дөхлөө.  

Одоогийн УИХ нь Үндсэн хууль байтугай өөр хуулийг ч хийж чадахгүй байгаад байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал өнөөдрийн байдлаар зогссон.  

Тэд Үндсэн хуулийг өөрчлөх биш ард түмнээ залилах юм л хийх гэж байсан.

Монголын хүний төлөө намын зүгээс бусад намуудтайгаа нэгдэж нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө цаашид тууштай тэмцэнэ” гэв.

Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ахуй амьдралаа сайжраасай гэж хүлээж байгаа

 
гэрэл зургийг Mpa.mn

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо.

1992 оноос хойш Монголын амьдралд ямар өөрчлөлт гараагүй. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ахуй амьдралаа сайжраасай гэсэн хүлээлттэй байгаа.

Гэтэл МАН-ын Үндсэн хуулийг өөрчлөх нь иргэдийн төлөө биш байсан төдийгүй зөвхөн сандал суудлын төлөөх өрсөлдөөн байсан.

Мөн Үндсэн хуулийн 6.2-д Байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна гэсэн маш тодорхой заалт байдгийг "төрийн нийтийн өмч" гэсэн дэлхийд байхгүй томьёоллыг гаргаж ирж Үндсэн хуульд тусгахыг оролдлоо.

Энэ нь байгалийн баялагийг тодорхой хүмүүс буюу 30,40 гэр бүл хэлбэрээ өөрчилж завших бололцоогоо олж авахын төлөө Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдсон нь ил харагдаж байна.

Бид бүхэн эрх баригч намын үнэн нүүр царай болон цаад зорилгыг ойлголоо” гэлээ.

Ерөнхийлөгчөөс үүргээ биелүүлэхийг шаардаж байна

Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл “Нийгмийн амьдрал болж бүтэхгүй байгааг хүн бүр ярьж байна. Хувьсгал хийж, шинэ үндэн хуулиа батлах цаг болсон. УИХ буюу итгэл үл даасан парламентыг татан буулгаж дараагийн эв нэгдлийг бий болгох ёстой.

Үндсэн хуулиа шинэчлэн батлах үндэсний эв нэгдлийг бий болгох ёстой.

Үндэсний эв нэгдлийг цогцлоох үүрэг нь Ерөнхийлөгчид байгаа учраас бид Ерөнхийлөгчөөс үүргээ биелүүлэхийг шаардаж байна.

Үндсэн хуулийг баталсан батлаагүй УИХ тарах ёстой” гэв.

Сайн засаглал тогтсоны дараа Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй

Монгол шинэчлэл намын дарга н.Жамсран “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол эхнээсээ таалагдаагүй. Учир нь төсөлд Монголын залуу үеийн төлөөлөл болон ард түмний төлөөлөл ороогүй.

Ийм зүйлээс Ерөнхийлөгч өчигдөр саналаа татсанаар өөрийгөө ард түмний ерөнхийлөгч гэдгээ харууллаа.

Мөнгөгүй, эдийн засаг нь унасан энэ үед хэлэлцүүлгээ нэг мөсөн зогсоох хэрэгтэй. 29 тэрбум төгрөгийг хаанаасаа гаргаж, бидний татварын мөнгийг тийм зүйлд зарцуулах нь буруу.

Тэрний оронд хуучин хуулиараа үлдээд сайн засаглал тогтсоны дараа Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэв.