Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хондурасын экс тэргүүн хатагтай төсвийн мөнгө идсэн хэргээр 58 жилийн хорих ял сонсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Төв Америкийн Хондурас улсын тэргүүн хатагтай асан Роза Элена Бонилла нийгмийн хөтөлбөрт зориулсан төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр тус улсын авлигатай тэмцэх шүүхээс 58 жилийн хорих ял сонсжээ.

Тэрээр 2010-аас 2014 оны хооронд Хондурасын ерөнхийлөгч байсан Порфирио Лобогийн гэргий юм.

Бонилла нь тэргүүн хатагтайн албаны дансанд байсан $500,000-ыг нөхрийгөө ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаас зургаан өдрийн өмнө хувийн дансандаа шилжүүлж авсан байна.

Уг мөнгө нь тэргүүн хатагтайн санаачилсан нийгмийн төсөл хөтөлбөрүүдэд зориулагдах ёстой байжээ. 2018 оны хоёрдугаар сараас хойш хоригдож байгаа 52 настай Бониллад оноох шийтгэлийг Лхагва гарагт зарласан юм.

Тэргүүн хатагтайн хувийн туслах асан Саул Эскобарт 48 жилийн хорих ял оноожээ. Гэхдээ Хондурасын хуулийн дагуу хоёулангийнх нь шоронд хоригдох хугацаа  30 жилээр хязгаарлагдах юм байна.

Ерөнхийлөгч асан Лобо одоогийн ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандезийг өөрийн авлигын том хэргүүдийг дарагдуулахын тулд хайртай гэргийг нь шийтгэлээ гэж буруутгасан мэдэгдэл хийжээ.

2013 онд ерөнхийлөгийн сонгуульд ялахдаа Эрнандез нутгийн хар тамхины мафигаас их хэмжээний мөнгө авч ашигласан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Экс тэргүүн хатагтайн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press