Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнын эдийн засгийн чуулганд Энэтхэг, Япон, Малайз, Монголын төр, засгийн тэргүүнүүд оролцож байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2015 оноос эхлэн жил бүр ОХУ-ын засгийн газар Ази тивийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Номхон далайн эргийн Владивосток хотод Дорнын Эдийн Засгийн Чуулганыг зохион байгуулдаг болсон.

Энэ жилийн чуулганд Ази тивээс Энэтхэг, Япон, Малайзийн ерөнхий сайд нар, Монгол улсын ерөнхийлөгч оролцож байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ихэнх цагийг хамтдаа өнгөрөөжээ.

Хоёр удирдагч Оросын тэнгисийн флотын хөлөг онгоцонд сууж, Владивостокоос 40 км зайтай оршдог Звезда усан онгоцны үйлдвэрт зочилсон юм.

Энэтхэг улс нь ОХУ-ын зэвсгийн салбарын чухал түнш. 2018 онд хоёр орны хооронд $11 тэрбумын зэвсгийн худалдаа хийгдсэн байна.

Энэтхэг улс цэрэг армиа шинэчлэхийн тулд өөрийн газар нутагт зэвсэг техник үйлдвэрлэдэг болох зорилт тавьж, үүнд нь ОХУ тусалж байгаа. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгт АК-203 автомат бууны хамтарсан үйлдвэр нээлтээ хийж байв.

2015 онд талууд Камов Ка-226 байлдааны нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэхээр гэрээ байгуулж байжээ. Гэвч энэ гэрээ одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ удаагийн чуулганаар нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэх төсөлд ахиц гарна гэсэн хүлээлт байна.

Өнгөрсөн онд Энэтхэгийн засгийн газар АНУ-ын анхааруулгыг үл тоон ОХУ-аас С-400 агаараас хамгаалах системийг $5 тэрбумаар худалдаж авах гэрээ байгуулсан юм. Уг зэвсэг 2023 онд нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байна.

Уулзалтын өмнө Нарендра Моди Оросын хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Путинтай уулзах бүрт бид улам дотносож, манай хоёр орны харилцаа өргөжин тэлж байдаг” гэж ярьжээ.

Жил бүр Сибириэс тогорууны сүрэг төрөлх Гужарат мужид нь ирж өвөлждөг тухай ярьсан Моди байгаль хамгаалах үйлсэд анхаарал тавьдгаараа ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ижил сонирхолтойгоо ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP