Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Германы асуулт хариултын шоу нэвтрүүлгийн үнэнч фэн 15 жилийн дараа саятан болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Германы телевизийн “Who Wants to Be a Millionaire?” (Хэн саятан болохыг хүсэж байна вэ?) нэртэй шоу нэвтрүүлгийг 15 жилийн турш алгасалгүй үзсэн эрэгтэй Даваа гарагт уг шоунд анх удаа оролцоод нэг сая евро хожжээ. Тэрээр өмнө нь оролцох хүсэлтээ олон жилийн турш илгээж байсан ч ганц ч удаа шалгарч байгаагүй гэнэ.

35 настай хуульч Ян Строх асуулт хариултын шоуг зөвхөн үзэх дуртай төдийгүй Хамбург дахь гэрийнхээ хонгилд тус шоуны тайзийг яг адилхан дуурайлган байгуулсан юм байна.

Ян энд найз нөхдөө урьж, өөрөө шоуны оролцогч болон тоглодог байсан гэнэ. Даваа гарагт тус шоуны 20 жилийн ойн дугаарт Ян Строх уригдаж оролцоод бүх асуултад зөв хариулан нэг сая еврогийн шагналын эзэн болжээ.

Тэрээр өөрийгөө тус шоуны 1,407 дугаарыг алгасалгүй үзсэн тухайгаа энэ үеэр ярьсан байна. Заримдаа тэр гэр бүлийнхнийхээ баярт оролцохоос татгалзаж дуртай шоугаа үздэг байсан гэнэ.

Германы телевизээр долоо хоногт хоёр дугаар цацагддаг тус шоу нэвтрүүлэг анх 1998 онд Их Британид гарч эхэлсэн бөгөөд үзэгч нь цөөрсний улмаас 2014 онд зогсоож байжээ.

Өнөөдөр дэлхийн 50 оронд хувилбарууд нь үргэлжлэн цацагдаж байгаагаас Германд хамгийн удаан үргэлжилж, олон үзэгчтэй хэвээр байгаа юм.

Даваа гарагийн дугаарыг зургаан сая орчим хүн үзсэн нь Германы нийт телевиз үзэгчдийн 22.6 хувь болсон байна. Оргил үедээ буюу 10 жилийн өмнө тус шоу долоо хоногт гурван дугаараа гаргаж, нэг дугаарыг нь найман сая хүн үздэг байжээ.

Германд анх гарсан цагаас нь хойш нийт 2,800 хүн оролцсоноос Яныг оролцуулаад 11 хүн бүх асуултад зөв хариулж, саятан болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian