Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт эхнэрээ үдэж гаргах зорилгоор онгоцны тийз худалдан авсан эрэгтэй баривчлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сингапурын Чанги олон улсын нисэх буудал нь дэлхийн хамгийн шилдэг нисэх буудалд тооцогддог.

Гэхдээ энэхүү тансаг буудал нь хүн бүрийн сайн мэддэггүй хатуу дэг журамтай.

Өчигдөр Сингапурын цагдаагийн газар аялахаас өөр зорилгоор нисэх онгоцны тийз худалдаж авахгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

Нисэх буудлын транзит бүс нь Сингапурын хуулиар “онцгой хамгаалалттай газар”-т тооцогддог. Тиймээс энэ бүсэд аялахаас өөр зорилгоор нэвтэрсэн хүмүүст хатуу хариуцлага тооцдог байна.

Сингапурын дэд бүтцийг хамгаалах хуулиар транзит бүсэд буруу зорилгоор нэвтэрсэн хүн 20,000 ($14,300) хүртэл сингапур доллараар торгуулах эсвэл хоёр жил хүртэл шоронд хоригдох шийтгэл хүлээдэг ажээ.

Саяхан цагдаа нар 27 настай залууг ийм шалтгаанаар баривчилсан байна. Тэрээр зөвхөн эхнэрээ онгоцонд суух хүртэл нь үдэж гаргах зорилгоор нисэх онгоцны тасалбар худалдан авсан байжээ.

2019 оны эхний найман сарын байдлаар гурван хүн нисэх зорилгогүй, зөвхөн транзит бүсэд нэвтрэх зорилгоор тийз аваад баривчлагдан шийтгүүлсэн тухай Сингапурын цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: CNN