Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн “алтан виз”-ийг авах хүсэлтэй Хонг Конгчуудын тоо огцом нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн үймээн самуунтай байгаа Хонг Конг хотын чинээлэг иргэд Их Британи улсаас “алтан виз” хүсэх явдал эрчимтэй нэмэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

2019 оны хоёрдугаар улиралд Британийн хөрөнгө оруулагчийн визийг авах хүсэлт гаргасан гадаадын нийт иргэдийн 10 хувийг Хонг Конгчууд бүрдүүлсэн байна. Энэ нь нэгдүгээр улирлын тоо хэмжээнээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Арваннэгдүгээр сард гарах гуравдугаар улирлын тоо хэмжээ үүнээс ч өндөр байх төлөвтэй байна. Нийт хүсэлт гаргасан гадаадын иргэдийн 45 хувийг эх газрын хятадууд эзэлж, тэргүүлсэн хэвээр байгаа ажээ.

Их Британийн цагаачлалын хуулийн дагуу тус улсын компаниудад доод тал нь хоёр сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэд болон тэдний гэр бүлд “алтан виз” олгодог.

Ийм визтэй болсон иргэд Их Британид гурван жил, дөрвөн сар амьдарсны дараа дахин хоёр жил оршин суухаар визээ сунгуулдаг байна. Үүний дараа цагаач иргэд Британийн иргэн болох хүсэлт гаргаж, жилийн дараа асуудал нь шийдэгддэг юм.

Сүүлийн гурван сарын турш Хонг Конгод улс төрийн тэмцэл өрнөсний улмаас эдийн засаг нь хямарч, хөрөнгө мөнгөтэй иргэд нь төрөлх хотоосоо зугтах болоод байна.

Тэдний нүүж суурьшихыг сонирхож байгаа газар нутагт Тайвань, Малайз, Австрали зэрэг улсууд багтаж байгааг хэвлэлүүд мэдээлж байв. Их Британийн хөрөнгө оруулагчийн визний журам сүүлийн үед нийгэмд маргаан үүсгэж, визний шалгуурыг чангатгах талаар яригдаж байгаа.

Хууль бус аргаар баяжсан этгээдүүд амар хялбар замаар Британийн иргэн болж байгаа нь үүнд нөлөөлж байна. Ялангуяа Оросын эрх баригчидтай ойр хэлхээ холбоотой олигархууд ийм замаар Британид олноор суурьших болсон.

Өнгөрсөн онд Британийн засгийн газар “алтан виз”-ний журмаа өөрчлөх болсныг зарласан ч хэдхэн өдрийн дараа энэ шийдвэрээсээ ухарсан юм. Европын Холбооноос гарах эгзэгтэй цаг үедээ байгаа Британийн эрх баригчид хөрөнгө оруулалтын нэг чухал эх үүсвэрээсээ салах дургүй байгаа нь эндээс харагдаж байна.

2018 онд гадаадын 400 иргэн тус улсын хөрөнгө оруулагчийн визийг авч чаджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post