Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн оюутан сурагчид хичээлд суухаас татгалзав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хонг Конгийн дунд сургууль, их сургуулийн оюутан сурагчид хичээлдээ суулгүй эсэргүүцэл илэрхийлжээ.

Хичээлийн шинэ жилийг хэвийн эхлүүлэх нь бараг гурван сар үргэлжилж байгаа иргэдийн тэмцлийн хүчийг сааруулсан хэрэг болно гэж залуус үзэж байгаа гэнэ.

Тиймээс Хонг Конгийн 200 гаруй сургуулийн доод тал нь 9,000 оюутан сурагч Мягмар гарагийг дуустал хичээл хаяж, цаашдаа долоо хоног бүр нэг өдрийг эсэргүүцлийн өдөр болгохоор шийджээ. Тэмцэгчдийн шаардлагыг Хонг Конгийн засаг захиргаа биелүүлэх хүртэл ийм аргаар тэмцэх гэнэ.

Сургуулийнхаа гадна талбайд гар гараасаа атгалцан өвдөглөж суусан сурагчид эсэргүүцлийн уриа хашхирч байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Тэд дүрэмт хувцсан дээрээ тэмцэгчдийн нэгэн адил хамгаалалтын дуулга, шил, амны хаалт өмсөж, зүүсэн байна.

13 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа тэмцэлд оролцогчид эхэндээ гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг буцаан татахыг шаардаж байсан бол сүүлдээ өргөн хүрээнд ардчилсан шинэчлэл хийхийх эрх баригчдаас шаардах болсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмцэл эрчимжиж, иргэд, цагдаагийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Өнөөдөр Хятадын төрийн хэд хэдэн хэвлэлд Хонг Конгийн эдийн засгийг сүйрүүлж байгаа үймээн самуун, балмад үйлдэлд харамслаа илэрхийлжээ.

Шиньхуа агентлагийн нийтлэлд “Хонг Конгийг сүйрүүлэхийг оролдож буй этгээдүүдийн төгсгөл ирж байгаа”-г анхааруулсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post