Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн нисдэг тэрэгний цонх хоёр дахь удаагаа Окинавад унажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Японы Окинава арлын ойролцоо нисэж явсан АНУ-ын армийн нисдэг тэрэгний цонх унасан хэрэг хоёр дахь удаагаа гарчээ.

Мягмар гарагийн орой CH-53E загварын нисдэг тэрэг арлын зүүн эргээс 8 километрийн зайд нисэж явах үеэр цонх нь далайн усанд унасан байна. Хуванцар цонх нь 58 см, 47 см хэмжээтэй, нэг килограм жинтэй байсан бөгөөд унахдаа ямар нэг хохирол учруулаагүй гэнэ. Нисдэг тэрэг Окинавад байрладаг АНУ-ын цэргийн баазын өмч юм байна.

Болсон явдлын талаар орон нутгийн засаг захиргаанд өчигдөр орой Японы батлан хамгаалах яамны холбогдох албаныхан мэдэгджээ.

Окинава мужийн дэд захирагч Киичиро Жахана өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийнхэн хоёр дахь удаагаа ийм ноцтой алдаа гаргасанд, мөн болсон явдлын талаар удаж мэдэгдсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Арлын захиргаа Японы батлан хамгаалах яам болон АНУ-ын цэргийн баазын захиргаанд эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ.

“Япон, АНУ-ын засгийн газрууд цэргийн баазтай холбоотой осол эндэгдлийг нэн даруй харилцан мэдэгдэж байхаар тохиролцсон ч биелэхгүй байна. Талууд аюулгүй байдлыг хангах тал дээр илүү их анхаарал тавих ёстой” гэж Жахана ярьсан байна.

2017 оны арванхоёрдугаар сарын 13-нд мөн ижил загварын нисдэг тэрэг агаарт явахдаа орон нутгийн бага сургуулийн тоглоомын талбайд 8 кг жинтэй цонхоо унагаж байжээ.

Тухайн үед талбайд 60 орчим хүүхэд тоглож байсан ч азаар хохирол гараагүй юм. Цонх унагасан хэргийг сүүлд нисгэгчийн алдаа гэж тодорхойлсон байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun