Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын нисэгчдийн шинэ өмсгөл “дугуй руу шээх” уламжлалыг зогсооно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийгээс сансарт нисэх бүх хүн ОХУ-ын Союз хөлгөөр тойрог замд хүрдэг.

Тиймээс аль ч улсын нисэгч Оросын сансрын агентлагаас баталсан тусгай өмсгөлийг заавал өмсдөг байна. Тус улсын сансрын тоноглол үйлдвэрлэгч Звезда компани саяхан Союз хөлгийн зорчигчдод зориулсан шинэ өмсгөлийн загварыг танилцуулжээ.

 Сокол-М гэж нэрлэсэн шинэ загварын өмсгөлийг биеийн ямар ч хэмжээнд таарах тусгай материалаар бүтээсэн онцлогтой юм байна. Сонирхолтой нь шинэ өмсгөлд эрэгтэй сансрын нисэгчдэд зориулсан “шээх” завсар гаргаж өгөөгүй нь хуучны нэгэн уламжлалт зан үйлийг гүйцэтгэх боломжгүй болгожээ.

Одоогийн Сокол-К загварын өмсгөлд эрэгтэй нисэгчдэд босоогоор шээх боломж олгосон V хэлбэрийн товчтой завсар байдаг.

Анх 1961 онд Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин хөлөгтөө суухаар Байконурын нисэх буудал руу автобусаар явах замдаа түр зогсож, автобусны хойд дугуй руу шээж байсан гэдэг. Энэ үйлдэл цаашдаа уламжлал болж тогтсон бөгөөд ингэвэл аз ивээж, нислэг нь амжилттай болдог гэсэн ойлголт тогтжээ.

Өнөөдөр сансарт нисэж байгаа бүх эрчүүд энэ уламжлалыг дагадаг бөгөөд эмэгтэй нисэгч нарын зарим нь хуруу шилэнд хийсэн шээсээ дугуй руу цацаж домнодог байна.

Гэтэл Сокол-М загварын шинэ өмсгөл ингэх боломжгүй дизайнтай хийгджээ. Звезда компанийн захирал Сергей Поздняков “Манай өмсгөлийн дизайнд үүнийг тооцоогүй. Тиймээс нисэгчид уламжлалаа яаж хадгалахыг би хэлж мэдэхгүй байна. Шинэ өмсгөлдөө зохицох л хэрэгтэй байх” гэж ярьжээ.

Союз хөлгөөр нисэхийн тулд орон орны сансрын нисэгчид хэд хэдэн уламжлалт зан үйл хийдэг байна. Жишээ нь Байконурын буудлын орчим шинээр мод суулгах, үсээ засуулах, Зөвлөлтийн үеийн “Цөлийн цагаан нар” уран сайхны киног үзэх, үнэн алдартны шашны ламаар рашаан цацуулах гэх мэт.

 

Эх сурвалж: AFP