Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчийг дахин шоронд суулгах эсэхийг өнөөдөр шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Олон сая хүн Өмнөд Солонгосын дээд шүүхийн өнөөдөр гаргах дүгнэлтийг хүлээж байна.

Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ёнтой холбоотой авлигын хэргийг хэрхэн шийдсэнийг дээд шүүх хянаад дүгнэлтээ гаргах юм.

Одоо 51 настай Ли Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, түүний шадар хүн Чой Сү Сил нарт авлига өгсөн хэргээр таван жилийн хорих ял сонссон ч сүүлд хорих хугацааг нь бууруулж байжээ.

Экс ерөнхийлөгч 25 жил, түүний найз эмэгтэй 20 жилийн хорих ял сонссон юм. Тэднийг албан тушаал, нэр нөлөөгөө ашиглан Өмнөд Солонгосын томоохон компаниудаас авлига авч байсанд буруутгасан. Самсунгийг төлөөлж Ли тэдэнд нийт 7 тэрбум воны ($5.8 сая) авлигыг тусгай сангаар дамжуулан өгсөн гэгдэж байгаа.

Ли Жэ Ён жил орчим хугацаанд хоригдоод 2018 оны хоёрдугаар сард шүүхийн шийдвэрээр суллагдаж байв. Тухайн үед дунд шатны шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзсэн төрийн бус байгууллагууд дээд шүүхэд давж заалдаж байжээ.

Өнөөдөр дээд шүүх Лигийн хорих хугацааг бууруулж, сулласан дунд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсвэл уг шийдвэрийг алдаатай гэж үзээд хэргийг дахин шүүх гэсэн хоёр дүгнэлтийн нэгийг гаргах юм.

Хэрвээ Ли Жэ Ёныг дахин шүүж, шоронд буцаан хорих шийдвэр гарвал Самсунг Электрониксийн бизнест том цохилт болно.

Самсунг Групп нь Өмнөд Солонгосын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Түүн дотроо Самсунг Электроникс нь дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрлэгч юм.

Японтой Өмнөд Солонгосын хийж буй худалдааны дайн Самсунг Электроникст хүнд тусаж байгаа. Одоо тус компанийн ерөнхийлөгчийг торны цаана суулгавал байдал улам хүндрэх нь тодорхой.

Өнөөдөр орон нутгийн цагаар өдрийн 2:00 цагт Өмнөд Солонгосын дээд шүүх дүгнэлтээ танилцуулна. Дээд шүүхийн 12 шүүгч өмнө нь энэ асуудлаар зургаан удаа хуралдаад байгаа. Үндэсний хэмжээний анхаарал татсан үйл явдал учраас шүүхийн ажиллагааг өнөөдөр олон нийтэд шууд дамжуулж үзүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post