Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Завхан аймгийн "Доной" нисэх буудал аэродромын иж бүрэн байгууламжтай болжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн "Доной" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг энэ сарын 24-нд ашиглалтад хүлээн авжээ.

Тус нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай 2,860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас, 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтийн талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон 5,400 метр үерийн ус зайлуулах суваг зэрэг ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэсэн байна.
 
 
 
 

Завхан аймгийн "Доной" нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 километрийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд байгуулагдаж байжээ. 1999 онд сансрын холбооны төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож МИАТ, ТАС, Блю Скай зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн байна.

1987-1994 онд АН-24, АН-26, АН-30 зэрэг онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн урд дэнжид шилжиж очжээ.

2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас бүхий нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигчдод тав тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон, үйл ажиллагаа нь тогтмолжсон юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ онд Зам, тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буйг дурдаад, "Доной" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, аэродромыг өргөтгөсөн нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болохуйц үйл явдал боллоо хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

Эх сурвалж: ЗТХЯ