Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гэргийг нь доромжилсон Бразилын ерөнхийлөгчийг Францын ерөнхийлөгч шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргийнх нь талаар бүдүүлэг сэтгэгдэл бичсэн Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаруг хурцаар шүүмжилжээ.

Өнгөрсөн долоо хоногт хоёр удирдагч Амазоны ширэнгэ ойд шатаж буй түймэртэй холбоотойгоор сөргөөцөлдөж байв.

Энэ харилцаа нь иргэдэд нөлөөлж, Ням гарагт Болсонаругийн нэгэн дэмжигч фэйсбүүк хуудсандаа хоёр улсын тэргүүн хатагтай нарыг харьцуулсан зураг нийтлээд “Макрон яагаад Болсонаругийн эсрэг довтлоод байгааг одоо та нар ойлгож байна уу?” гэсэн тайлбар бичжээ.

Макроны гэргий Брижит нь 65 настай бол Бразилын тэргүүн хатагтай Мишель 37 настай юм. Гэтэл энэ нийтлэлийн дор Бразилын ерөнхийлөгч “Залууг битгий доромжлоод бай, хаха” хэмээн бичжээ.

 
Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару гэргий Мишелийн хамт

Макрон өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр “Тэр миний эхнэрийн талаар хэтэрхий бүдүүлэг сэтгэгдэл бичсэн. Надад харамсалтай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” гэж мэдэгдсэн юм.

“Ерөнхийлөгчийнхээ бичсэнийг уншаад Бразил эмэгтэйчүүд ичсэн гэж би бодож байна. Аугаа Бразилын ард түмэн ерөнхийлөгчийнхөө ааш авираас ичсэн байх. Энэ улсын ард түмэнд нөхөрсөг, хүндэтгэлтэй ханддагийнхаа хувьд би тэднийг удахгүй зөв ерөнхийлөгчтэй болоосой гэж хүсэж байна” гэж Макрон ярьжээ.

“Их Долоо”-гийн уулзалт эхлэхээс өмнө Эммануэл Макрон Бразилын ерөнхийлөгчийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаасаа ухарсан гэж шүүмжилж байв. Ийм шалтгаанаар тэр Бразилтай байгуулах томоохон худалдааны гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Хариуд нь Болсонару Макроныг “колоничлогчийн ааш авир” гаргалаа хэмээн шүүмжилж байв.

Бразил, Францын удирдагчдын харилцаа муу байгааг харуулсан бас нэг үйл явдал энэ сарын эхээр болсон юм. Өөрт нь бараалхахаар ирсэн Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дрианыг Бразилын ерөнхийлөгч үсээ засуулж байгаа гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй буцаажээ.

Францын ерөнхийлөгч сүүлийн үед барууны үзэлтэй төрийн тэргүүнүүдтэй харилцаа муу байгаа. Жишээ нь Италийн засгийн газрын шадар сайд Маттео Салвини тэр хоёрын хооронд мөн дээрхтэй ижил хэрүүл маргаан өрнөж байв.

 

Эх сурвалж: AFP