Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ОХУ-ыг “Их Долоо”-гийн бүлэгт нэмэхийг шаардаж, бусад нь эсэргүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Францад болж буй “Их Долоо”-гийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ыг тус бүлэгт нэмж элсүүлэхийг шаардсан байна.

Бямба гарагийн үдэш болсон долоон гүрний удирдагчдын зоогийн үеэр энэ асуудал нэлээд хурц маргаан болж өрнөжээ.

Орос улс өмнө нь “Их Найм” нэртэй байсан уг бүлэгт багтаж байгаад 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа хасагдсан юм.

Атлантын далайн хөвөөнд болсон оройн зоогийн үеэр Трампын санааг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск нар эсэргүүцэн маргасан байна.

“Их Долоо”-гийн удирдагчдын ихэнх нь өөрийн бүлгийг либерал ардчиллын нийгэмлэг тул Орос улс багтах ёсгүй гэсэн санааг илэрхийлсэн тухай дипломат эх сурвалж мэдээлжээ.

Харин тэдний дундаас Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте АНУ-ын ерөнхийлөгчийн санааг ганцаар дэмжиж байсан гэнэ. Конте өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдын суудлаас огцрох болсноо зарлаж байв.

Иран, Сири, Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцох ёстой гэж Дональд Трамп үндэслэлээ тайлбарлаж байжээ.

Трампыг Францад ирмэгц Эммануэл Макрон түүнтэй хоёр цаг үргэлжилсэн урт үдийн зоог барьсан юм. Өнгөрсөн онд Канадад болсон “Их Долоо”-гийн уулзалтын дундаас АНУ-ын ерөнхийлөгч орхин явж байсан тул Францын ерөнхийлөгч өөрийн зохион байгуулж буй уулзалтыг Трампаар түйвээлгэхгүйн тулд нэлээд анхаарал тавьсан нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Quartz