Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт наймдугаар сарын 27, 28-нд болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд зохион байгуулах баярын болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.

Ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Монголд ирж тоглолтоо хийхээр товложээ.

Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус чуулгын уран бүтээлчид өнөөдөр 22:30 цагт Улаанбаатар хотод ирнэ.

Дэлхийд алдартай тус чуулга нь өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн урилгаар очиж, тоглолтоо сонирхуулдаг бөгөөд Монголд анх удаа ирж тоглох гэж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Тэд дэлхийн 70 гаруй улс оронд аялан тогложээ.

"А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэхдээ "Ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт хоёр өдөр зохион байгуулагдахаар болоод байна.

Эхний өдөр буюу наймдугаар сарын 27-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд  урилгатай зочдод буюу ахмад дайчдад зориулан тоглоно. Бид дүүрэг, хороодоор дамжуулан тараасан.

Харин 28-ны өдөр 20:00 цагт энэхүү тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд нээлттэйгээр дахин тоглохоор төлөвлөжээ. 

2018 онд Халх голын байлдааны ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоол, шийдвэр гарсан. 

Ялалтын ойн баярын үндсэн арга хэмжээ есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ өдөр Жуковын хөшөө, Зайсан толгой, Дандар баатарын хөшөө, Лхагвасүрэн жанжины хөшөө гэсэн газруудад цэцэг өргөх ёслол болно.

Орой нь 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд үдшийн цэнгүүнийг зохион байгуулж, ёслолын буудлага хийнэ. Бид ойн баяртай холбогдуулан Улаанбаатарт буй хөшөө дурсгалуудыг засварлах ажлууд хийж байна.

Завсарын ажилд одоогоор 106 сая төгрөг зарцуулаад байна. Есдүгээр сарын 1-н гэхэд Улаанбатар хотод байдаг түүх, дурсгалтай холбоотой бүх хөшөө дурсгалыг бид засварлаж дуусгахаар төлөвлөж байна" гэсэн юм.