Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын анхны роботыг тээвэрлэсэн хөлөг Олон Улсын Сансрын Станцад залгагдаж чадсангүй

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Байконурын буудлаас сансарт хөөрсөн Союз хөлөг өчигдөр Олон Улсын Сансрын Станцад залгагдах ёстой байсан ч бүтээгүй байна.

Уг хөлөг сансрын нисгэгчгүй, харин ОХУ-ын зохион бүтээсэн анхны роботыг туршихаар тээвэрлэж яваа юм.

Союз МС-14 хөлөг сансрын станцтай залгагдах хоёр дахь оролдлогоо наймдугаар сарын 27-нд гүйцэтгэхийг Роскосмос компанийн захирал Дмитрий Рогозин мэдээлжээ.

Одоогоор тус хөлөг хүлээлтийн горимд байгаа бөгөөд Олон Улсын Сансрын Станцтай залгагдах үед ямар асуудал гарсныг нягтлан шалгах ажил газарт өрнөж байна.

Союз хөлөг сансрын станцаас 96 метрийн зайд ойртох үед залгагдах системд техникийн асуудал гарсан гэнэ. Одоогоор Олон Улсын Сансрын Станцад АНУ, ОХУ-ын нийт зургаан сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ямар нэг аюул учраагүйг Роскосмос болон NASA мэдэгджээ.

Союз хөлөгт сууж яваа 1.8 метр өндөр, 160 кг жинтэй Федор робот нь сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд аюултай ажлыг гүйцэтгэдэг болох хэтийн зорилготой байгаа. Тэр энэ удаа цөөн хэдэн өдрийн туршилтад оролцоод дэлхий рүү буцах ёстой байв.

 

Эх сурвалж: AFP