Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын нөлөөгөөр Гринландыг зорих Америкчуудын тоо огцом нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн долоо хоног орчим хугацаанд Гринланд арлыг тойрсон дуулиан дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус арлыг худалдан авч, нэгтгэх санаагаа илэрхийлж, Данийн Вант улсын засгийн газар энэ талаар ярилцах сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн билээ.

Гринландыг тойрсон маргаан сүүлдээ NATO-гийн холбоотон хоёр орны харилцаанд нөлөөлж эхэлсэн юм.

Тэгвэл энэ дуулианы нөлөөгөөр Гринланд арлыг зорих Америк жуулчдын тоо огцом нэмэгдсэн тухай аялал жуулчлалын компаниуд мэдээлжээ.

“Гринландын тухай вэб хуудсанд маань зочилсон хүмүүсийн тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 2,800 хувь өсөөд байна” гэж Nordic Visitor аялал жуулчлалын компани мэдээлсэн байна.

Сүүлийн долоо хоногт тус компаниар дамжин Гринландыг зорьсон жуулчдын 69 хувь нь АНУ-ын аялагчид байжээ. Харьцуулбал 2018 оны энэ долоо хоногт Америкчууд нийт жуулчдын 38 хувийг эзэлж байсан байна.

Intrepid Travel аялал жуулчлалын операторын Гринландын аялалын вэб хуудсанд хандагчдын тоо энэ долоо хоногт 237 хувиар өссөн тухай бас мэдээлжээ.

Тус компани өмнө нь жуулчдыг Гринландын эргээр хөлөг онгоцтой аялуулдаг байсан бол одоо Гринландын эрэгт хөл тавьж, орон нутгийн соёл, амьдрал ахуйтай танилцах үйлчилгээний багц шинээр нээжээ.

Газар нутгийн 80 хувь нь мөсөөр хучигдсан, 56,000 орчим хүн амтай Гринланд арал нь жуулчдын сонирхлыг бага татдаг, зэлүүд бүс нутаг. Харин сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цас мөс нь хайлж, хүмүүс аялж, зорчиход илүү тохиромжтой болж байгаа гэнэ.

Саяхан ганцхан өдрийн дотор Гринландын мөсөн хучлага 11 тэрбум тонн хэсгээ алдсан. Энэ нь Олимпийн стандартын 4.4 сая ширхэг усан бассейныг дүүргэх хэмжээний мөс юм.

 

Эх сурвалж: CNN