Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид хүүхдээ шим тэжээлийн ноцтой дутагдалд оруулсан “веган” эцэг эхийг шийтгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Австралийн Сидней хотын шүүх бага насны хүүхдээ шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл мэндийг нь ноцтой муутгасан эцэг эхэд шийтгэл оногдуулжээ.

Хуулийн дагуу нэрийг нь нууцалж байгаа 30 гаруй насны эцэг эх хоёр 300 цагийн албадан хөдөлмөр хийж, хүүхэд өсгөж, арчлах сэдвээр сургалтад суухаар болсон байна. 

Хосууд веган буюу амьтны гаралтай хүнснээс татгалзах үзэлтэй хүмүүс ажээ. 2018 оны гуравдугаар сард тэдний 19 сартай охин эмнэлэгт хүргэгдсэнээр хуулийнхан шалгаж эхэлсэн юм. Одоо гурван нас хүрээд байгаа охин тухайн үед гурван сартай хүүхдийн түвшний биеийн хөгжилтэй, ганц ч шүд нь ургаагүй, хөхөрсөн уруултай, гар хөл нь хүйтэн, цусан дахь сахарын хэмжээ хэт бага, ясны кальци багадалттай, өөрөө босож, сууж чаддаггүй байжээ.

Биеийн жин нь ердөө 4.89 кг байсан гэнэ. Хосууд төрсөн цагаас нь хойш охиндоо зөвхөн овъёос, төмс, будаа, дүфү, талх, самрын тос, жимс өгдөг, мөн вакцинд хамруулаагүй байжээ.

Ямар нэг нэмэлт тэжээл, витамин огт хэрэглэж байгаагүй гэнэ. Одоо охин Куинсланд дахь хамаатнуудынхаа асрамжинд, эцэг эхээсээ тусдаа байгаа. 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийг хэвийн хоолны дэглэмд аажмаар шилжүүлж, нэмэлт тэжээл өгч, эмчилгээ хийснээр бие нь түргэн сайжирсан байна.

Гэхдээ үе тэнгийнхнээсээ биеийн хөгжил, сэтгэцийн хувьд хоцрогдолтой хэвээр байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж байгаа ажээ.

Эцэг эхийнх нь хүүхдээ асран халамжлах эрхийг түдгэлзүүлж, тодорхой хугацааны давтамжтай уулзуулж байх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Охины хоёр ахын хувьд биеийн байдал харьцангуй сайн боловч шаардлагатай вакцинд хамрагдаж байгаагүйг нь тогтоожээ.

Oхины эцэг хүүхэд өсгөх ажлаас хол хөндий байсан шалтгаанаар өөртөө ноогдох шийтгэлийг хөнгөлөх хүсэлт тавьсныг шүүх хүлээж аваагүй байна.

 

Эх сурвалж: Associated Press