Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хууль хэрэгждэггүй зарим мужуудад Линчийн шүүх сэргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 7-ны өдөр Мексикийн Пуэбла мужийн иргэд орон нутгийн цагдаагийн газарт хүн барьцаалсан хэргээр саатуулагдаад байсан гэмт хэргийн бүлгийн гурван гишүүнийг чирч гаргаад линчийн шүүхээр шүүж цаазалжээ.

Хуулиас гадуур энгийн хүмүүс дур мэдэн гэмт хэрэгтнийг шийтгэхийг линчийн шүүх гэдэг.

Гэмт этгээдүүдийн нэг нь 16 настай залуу байсан бөгөөд тэднийг сагсны шийднээс дүүжилж хороосон байна. Гэрчүүдийн мэдээлснээр тэднийг нэгийг дүүжлүүрээс буулгахад амьсгалж байсан тул уурссан иргэд дахин дүүжилж гүйцээжээ.

Сүүлийн жилүүдэд Латин Америкийн орнуудад эрх баригчид хууль, дэг журам тогтоож чадахгүй байгаагаас иргэд өөрсдөө гэмт хэрэгтнүүдийг шүүх явдал түгээмэл болсон байна.

Сошиал сүлжээгээр турхирсан хуулиас гадуур шүүх ажиллагаануудын талаар Латин Америкийн орнуудын сонин хэвлэлүүд байнга мэдээлж байгаа.

Саяхан Бразилын Амазонд иргэд цагдаагийн хэсэгт дайран орж, тэнд хоригдож байсан гэмт хэрэгтнийг хадуур, мачет зэрэг багажаар цавчиж хөнөөжээ.

2018 онд 35,964 аллага бүртгэгдсэн Мексик улсад нөхцөл байдал бүр хүнд байна. Дээрх аллагуудын эздийн маш өчүүхэн хэсэг нь хуулиар шийтгүүлсэн юм.

2017 онд Мексикт 60 линчийн шүүлт бүртгэгдэж байсан бол 2018 онд бараг гурав дахин өсөж, 174 хүрсэн байна. Тэдгээрийн 58 тохиолдолд хүний амь үрэгджээ.

Цагдаагийн хүч сул, хууль шүүхийн шударга бус байдал, зохион байгуулалттай гэмт хэргийн өсөлт зэрэг нь линчийн шүүлт өсөн нэмэгдэх суурь хөрс болж байгааг судлаачид баталж байна.

“Хэрвээ хэн нэгэн гэр бүлийнхнийг чинь алахаар ирвэл чи ямар ч эргэлзээгүйгээр шүд, хумсаараа зэвсэглээд ч болтугай тэмцэнэ шүү дээ” гэж Пуэбла мужид болсон линчийн шүүх ажиллагаанд оролцсон иргэн ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian