Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

NASA: Ойрын 100 жилд дэлхийтэй сансрын томоохон биет мөргөлдөхгүй

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Саяхан SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск твиттер хуудсандаа дэлхийтэй сансрын биет мөргөлдөх аюул ойрхон байгаа, үүнээс хамгаалах арга техник байхгүй байгааг анхааруулсан юм.

Ингэхдээ тэр подкастчин Жо Роганы хуваалцсан мэдээг дурдсан байжээ.

 Уг мэдээнд 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийтэй ойрхон өнгөрөх 335 метр диаметртэй Апофис хэмээх астероидыг NASA хүлээж байгаа тухай бичсэн байв.

Апофис нь эртний Египетийн үхлийн бурхны нэр юм.

Маск уг астероидыг дэлхийтэй мөргөлдөх аюултай гэж ойлгогдохоор бичсэн байна. Үнэндээ уг биет нь дэлхийгээс 30,000 орчим километрийн зайтай өнгөрөх бөгөөд NASA энэ үеэр астероидыг ажиглаж, дараа дараагийн астероидын довтолгооноос дэлхийг хамгаалахад хэрэгтэй мэдээллийг цуглуулах гэж байгаа ажээ.

Маскын анхааруулгад хариу болгож NASA-гийн гараг эрхсийн хамгаалалтын албаны тэргүүн Линдли Жонсон мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Ойрын 100 жилийн хугацаанд аюул учруулах хэмжээний буюу 140 метрээс илүү хэмжээтэй астероид дэлхийтэй мөргөлдөхгүй гэдгийг манай судалгаа харуулж байна. NASA өөрийн түншүүдийн хамтаар астероидын аюулыг зайлуулах хэд хэдэн аргыг судалж байгаа” гэжээ.

Өөрөөр хэлбэл дэлхийтэй мөргөлдөх аюултай сансрын биет илрэх хүртэл хамгаалах технологитой болж амжина гэсэн байна.

Одоо NASA нь нарны аймагт оршиж байгаа асар олон тооны биетүүдийн хөдөлгөөнийг хянаж байдаг бөгөөд тэдний замыг урьдчилан тодорхойлоход ойрын 100 жилийн дотор дэлхийд аюул учруулах боломжгүй харагдаж байгаа ажээ.

Бүртгэлгүй астероид гэнэт илрэх боломжтой ч 200-300 жилд ганц удаа тохиолдох магадлалтай гэнэ.

 

Эх сурвалж: CNN