Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга дээр ажиллаж байсан 17 настай иргэн лифтний хонгил руу унаж, нас баржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй "Сити Молл" цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. 

Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. 

Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. 

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панераар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна.

НМХГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшин ХХК, Титан таур констракшин ХХК-иудад 2019 оны 5-р сард өгч байжээ. 

Мөн 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдөр "Тайм констракшин" ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байсан байна.

Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

"Сити Молл" цогцолборыг "Тайм констракшн" ХХК-ий захиалгаар "Титан таур" констракшин, “Ти Жи К” ХХК-иуд гүйцэтгэж байгаа юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.