Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Оросыг “Их Долоо”-д буцааж нэмэхийг дэмжив

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн их аж үйлдвэржсэн, эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудын бүлэг нэг хэсэг “Их Найм” нэртэй байсан билээ.

Гэвч 2014 онд Украинаас Крымийн хойгийг булаан эзэлж, өөртөө нэгтгэснийх нь дараа энэ бүлгээс Орос улсыг хасаж, “Их Долоо” нэртэй болсон юм.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг бүлэгт ОХУ-ыг буцааж нэмэх саналтай байгаагаа өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

“Би Их Долоогийн хэд хэдэн чуулганд оролцож байсан. Миний бодлоор Путин өөрөөс нь илүү ухаалаг болохоор ерөнхийлөгч Обама энэ бүлгээс Оросыг хасах тухай бодож эхэлсэн байх. Гэвч миний бодлоор Оросыг нэмээд Их Найм болгох нь илүү ач холбогдолтой” гэж тэр ярьсан байна.

Трамп Их Долоогийн бүлэгт Орос улсыг буцааж нэмэх ажлыг санаачлахаа энэ үеэр мэдэгджээ.

Дональд Трамп Их Долоогийн бусад гишүүн орнуудын удирдагч нартай таарамж муу байгаа нь олон зүйлээс харагддаг. Түүний эхлүүлсэн худалдааны маргаан зөрчил, NATO-гийн зардлыг тэгш хуваалцах санаа холбоотнуудыг нь АНУ-аас холдоход хүргэж байгаа.

Тиймээс Дональд Трамп ОХУ-ыг нэмснээр бүлэг дотрох хүчний харьцааг тэнцүүлэх, ядаж л ийм яриа гаргаснаараа бусад холбоотнууддаа дарамт шахалт үзүүлэх санаа агуулж буй бололтой.

 

Эх сурвалж: Politico