Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн, 6-12 дугаар ангид Иргэний ёс зүй хичээл орно"

ikon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ыг хичээлийн агуулга хөтөлбөр, хичээлийн жилийн зорилго, зорилтын талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. 

"1-5-Р АНГИЙН СУРАГЧДАД МОНГОЛ ЁС, ХҮМҮҮЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРНО"

Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12 дугаар ангид Иргэний ёс зүй хичээл орно.

Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.

"БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГТ 1,342 ХҮҮХЭД ХАМРАГДАНА"

Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу 13 байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн 42 бүлгийн 1,342 хүүхэд хамрагдаж байна.

Энэ наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд "Сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүй" сургалтад 7 дүүргийн 29 байршилд 421 танхимд 16,825 багш, удирдах ажилтнуудыг хамруулах бэлтгэл ажлыг хангажээ.

"Сургууль автобус төсөл"-ийн дагуу сургуулийн автобусуудыг Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 103, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулиуд хүлээн авжээ. Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих, оношилгоог наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд хийнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Нийслэлд энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр 6,280 хүүхдийн хүчин чадал бүхий 14 сургууль, 4,635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг ашиглалтад орно.

2019 онд 137 сургуульд 1.7 тэрбум төгрөг, 231 цэцэрлэгт 762.2 сая төгрөгийн урсгал засварын ажил хийгдэж энэ сарын 15-н гэхэд бүрэн дууссан гэв.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам