Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн бүр долоо хоногт нэг пластик карт идэж байна!

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: WWF

Та долоо хоног бүр нэг ширхэг төлбөрийн карт идэж байна гээд төсөөлдөө. 

Бид өөрийн ухамсаргүйгээр ийм хэмжээний хуванцар иддэг болохыг шинэ судалгаа харуулж байна. 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн захиалгаар Австралийн Ньюкэстлийн их сургуулийн хийсэн уг судалгаа дэлхий дээрх хүмүүс долоо хоног бүр 5 гр орчим бичил хуванцар идэж буйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр 250 гр буюу нэг жижиг шилний хэмжээтэй хуванцрыг жил тутам идэж байна гэсэн үг. 

 

Үүний дийлэнх нь савласан болон хэрэглээний усаар дамжин хүний биед орж буй аж. Ялангуяа, хясаа, шар айраг, давснаас хамгийн их хэмжээний хуванцар бидний биед нэвтэрч буйг эрдэмтэд тогтоосон байна. 

Тиймээс эл судалгаа хүмүүсийн үйл хэргийн талаар маргаан өрнүүлээд буй аж. 

Хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ хуванцар хаягдал ихээр үүсгэж буй тул хуванцрыг устгах, дахин боловсруулах бодлого хэрэгтэй хэмээн ярьдаг ч энэ төрлийн бохирдол төсөөлснөөс ч өргөн хүрээг хамарсан байж мэдэхийг судалгаа харуулж байна. 

Тийм ч учраас хуванцар хог хаягдлын талаар үйлдвэрүүд болон хэрэглэгчдийг илүү хариуцлагатай болгоход санаачилга гаргахыг Дэлхийн байгаль хамгаалах сан Засгийн газруудад уриалжээ. Энэ оны эхээр болсон Давосын эдийн засгийн чуулганаар Лүүп Альянс хуванцар хаягдлын төгсгөл болгож ямар ч хаягдалгүй савлагааг дэмжих ажлыг хийж буйгаа танилцуулсан. 

Тус форумын тодорхойлсончлон хуванцар хаягдлын 90 хувь нь хэзээ ч дахин боловсруулагддаггүй ба жил бүр 8 сая тонн хуванцар далайд хаягдаж буй аж. Тэгвэл Loop-ийн санаачилга бүхий систем нь ирээдүйн хэрэглээг тодорхойлсноор илүү хариуцлагатай хэрэглээнээс гадна бизнес болон нийгэмд тогтвортой үр ашгийг бий болгоно хэмээн үзэж байна. 

 
Эх сурвалж: Reuters

"Бид хуванцрын хэрэглээнээс зугтаж чадахгүй" хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ерөнхий захирал Марко Ламбертини хэлээд "Хэрэв биедээ ямар нэгэн хуванцар оруулахыг хүсэхгүй байгаа бол бид байгальдаа хуванцрын хаягдлыг сая саяар нь асгахаа зогсоох хэрэгтэй" гэжээ. 

 

Ньюкэстлийн их сургуулийн энэхүү судалгаагаар хуванцрын хаягдал хамгийн өндөртэй бүсүүдийг мөн тодорхойлсон байна. Тухайлбал, Европ болон Индонезийнхээс хоёр дахин их бохирдол Америк болон Энэтхэгийн уснаас илэрчээ. Гэхдээ хүн төрөлхтний үйлдвэрлэсэн хуванцар хаягдлыг бүрэн тогтоохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

"Энэхүү судалгааг хийж, бичил хуванцрын хэмжээг тогтоосноор хүний биед үзүүлэх хор, эрсдлийг тодорхойлох боломж бүрдэх юм" хэмээн Ньюкэстлийн их сургуулийн судлаач доктор Тхава Паланисами хэлжээ. 

 

Эх сурвалж: World Economic Forum