Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн Ясукуни сүм рүү бэх цацсан хятад хүнийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Токио хотод оршдог Ясукуни сүмд дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан япон хүмүүсийн шарилыг бунхалсан байдаг. Энгийн иргэдээс эхлээд дайны гэмт хэрэгтнүүдийг хүртэл энэ сүмд оршуулсан юм.

Тэгвэл өчигдөр нэг хүн уг сүмийн хөшиг рүү хар өнгийн бэх цацсаны дараа цагдаа нарт баригджээ. Ямар зорилгоор ийм үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна. Баригдсан хүнийг хятад үндэстэн гэсэн мэдээлэл таржээ.

 

Ясукуни сүм бол дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы армид эзлэгдэж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсуудын хувьд эмзэг сэдэвт тооцогддог.

Энд дайны дараа холбоотны шүүхээр цаазлуулсан Японы армийн 14 өндөр албан тушаалтны шарилыг бунхалсан байдаг.

Өнгөрсөн Пүрэв гарагт Япон улс дайнд бууж өгсний 74 жилийн ой тохиоход тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо энэ сүмд өөрөө ирж мөргөөгүй ч туслахуудаараа дамжуулж тахил өргөсөн юм.

Ингэхдээ өргөл тахилын мөнгийг хувиасаа гаргасныг түүний туслах Томоми Инада сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сүүлийн гурван жил дараалан энэ өдөр Ясукунид Японы засгийн газрын сайд нараас зочлоогүй юм. Харин энэ жил олон намын төлөөлөл болсон парламентын гишүүн 50 орчим хүн ирж хүндэтгэл үзүүлжээ.

Хэдийгээр дайны үеийн түүх, газар нутгийн маргаанаас үүдэлтэй асуудлууд байгаа ч сүүлийн үед Япон, Хятадын харилцаа сайжраад байгаа. Үүний үр дүнд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх хавар Токиод төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм.

Абэг Ясукунид тахил өргөх бүрт Бээжингийн эрх баригчид эсэргүүцэл илэрхийлдэг байв. Харин энэ жил Хятадын гадаад хэргийн яам Абэг шууд буруутгаагүй бөгөөд “Япон улс Азийн хөршүүдийнхээ итгэлийг олж авахын тулд зүтгэл гаргах хэрэгтэй“ гэж уриалах төдий мэдэгдэл гаргажээ.

Харин сүүлийн үед Японтой харилцаа нь муудаад байгаа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам Абэгийн үйлдэлд “гүн харамсал” илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: AFP