Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гринланд арлыг худалдаж авах тухай ярилцсанаа Дональд Трамп хүлээн зөвшөөрөв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арал болох Гринландыг Дани улсаас худалдаж авах талаар зөвлөхүүдтэйгээ ярилцсаныг The Wall Street Journal мэдээлсэн билээ.

Ням гарагт Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу хэвлэлд ярилцлага өгөхдөө ийм яриа болсныг баталсан байна.

Үүний дараа Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Гринландыг худалдаж авах санаа яригдсаныг мөн хүлээн зөвшөөрчээ. Тэрээр энэ санааг стратегийн хувьд тун сонирхолтой сэдэв боловч одоохондоо нэг номерт тавигдах асуудал биш гэж ярьсан байна.

Трамп өөрийн холбоотон, NATO-гийн гишүүн Дани улстай олон талаар хамтран ажиллах боломжтой, үүн дотор “маш том үл хөдлөх хөрөнгийн наймаа” ч хийж болох юм гэж ярьжээ.

Одоо АНУ-ын Thule агаарын бааз Гринланд аралд байрладаг. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт байрлах энэ баазад пуужингийн довтолгоог урьдчилан мэдрэх радарууд ажилладаг.

Трамп өчигдөр ярихдаа Гринланд арал нь Данийн засгийн газарт санхүүгийн дарамт болдог, жил бүр энэ арлын амьдралыг тэтгэхийн тулд $700 сая орчмыг зарцуулдаг гэж хэлжээ. Тэрээр ирэх сарын эхээр Данийн Вант улсад айлчлах гэж байгаа. Гэхдээ энэ айлчлал нь Гринланд аралтай ямар ч холбоогүй гэдгийг тэр баталсан байна.

Ням гарагт Гринладад очсон Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Гринландыг худалдахгүй. Гринланд нь даничуудын газар биш. Гринландыг гринландчууд мэднэ. Энэ сэдэв бодитой яриа битгий болоосой гэж би үнэн сэтгэлээсээ хүсэж байна” гэж ярьжээ.

Данийн Вант улсын харъяанд байдаг Гринланд нь Атлантын далай, Умард мөсөн далайн дунд байрладаг, 56,000 орчим хүн амтай, 80 хувь нь мөсөөр хучигдсан, өөртөө засах статустай арал юм. 

Байгалийн нөөц, газарзүйн байрлал нь АНУ-ын сонирхлыг татсаар ирсэн түүхтэй. 1946 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг $100 саятай тэнцэх алтаар худалдаж авах санал тавьсныг Дани улс хүлээж аваагүй гэдэг.

 

Эх сурвалж: The Guardian