Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж, эцэг эхчүүдийг хямд үнээр хуурч, хүүхдүүдийг хохироож байна”

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах арга хэмжээ өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.

Энэхүү танилцуулах арга хэмжээний үеэр эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудаас санал авах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах байсан боловч үйлдвэрлэгчдээс бусад төлөөллүүд хамрагдаж чадаагүйн улмаас хойшилсон юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад сурагчийн дүрэмт хувцасны зах зээлийн 70-аад хувийг эрүүл ахуй, эдэлгээний хувьд шаардлага хангах эсэх нь тодорхойгүй, хямд үнэтэй импортын хувцас эзэлж байгааг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан онцоллоо.

Харин үндэсний үйлдвэрлэгчид ажлын байр бий болгон, улсад татвар төлж нэмүү өртөг шингээн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч борлуулалт нь муу байгаа юм.

Иймд тулгамдсан асуудлыг шийдэж, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг харгалзан үзэх үүднээс ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А192 дугаар тушаалаар сурагчийн дүрэмт хувцасны стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, стандартын төслийг боловсруулаад байгаа юм.

Уг төсөл нь сурагчийн дүрэмт хувцсыг чанар стандартын шаардлага хангасан байхаар үйлдвэрлэж, хүүхдийг эрүүл өсөж бойжиход нь нөлөөлөх чухал ач холбогдолтой аж.

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын баримт бичгийг боловсруулснаар эрүүл ахуйн хувьд ч тэр бусад зүйлд хяналт тавих боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn

Төслийн талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Нарандолгор “Өнөөдөр стандартын төсөл боловсруулах хэрэгцээ хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн аль аль талд үүссэн. Иргэдийн хувьд чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн их байгааг хэлдэг. Харин үйлдвэрлэгчид чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад импортын хувцаснаас болж муу борлуулагддаг талаар хэлдэг.  

Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн складад хураагдсаар байна.

Гэтэл импортын дүрэмт хувцас ямар ч татваргүй, бас НӨАТ-ын баримтгүй, чанар стандартын шаардлагад нийцээгүй атал хямд үнээс хамаарч борлуулалт сайтай байдаг. Мөн хавар, намрын улиралд охидуудын дүрэмт хувцасны юбка хэт богино байдгаас болж хүчирхийлэлд өртөх асуудал гардаг.

Иймд сурагчийн дүрэмт хувцасны стандартын баримт бичгийг боловсруулснаар эрүүл ахуйн хувьд ч тэр бусад зүйлд хяналт тавих боломжтой болно” гэлээ.

Стандартад заасны дагуу байгалийн гаралтай материалыг үндэсний үйлдвэрлэгчид ашигладаг
 
Гэрэл зургийг MPA.mn

"Төмөр Трэйд" компанийн захирал М.Жаргалмаа “Дотоодын үйлдвэрлэлээрээ улсын хэмжээнд сурагчдаа дүрэмт хувцсаар хангах бүрэн боломж байдаг.  Сурагчийн дүрэмт хувцас нь БСШУСЯ-ны оюуны өмч. Тэр утгаараа өнөөдөр Оюуны өмчийн газраас оролцож санал бодлоо хэлэх ёстой байсан. Харин оюуны өмчөө гаалийнхан хамгаалах ёстой байдаг тул гаалиас мөн л хүмүүс ирэх бас ирсэнгүй.  

Стандартад заасны дагуу байгалийн гаралтай материалыг үндэсний үйлдвэрлэгчид ашигладаг. Чанар нь харахад л мэдэгддэг.  

Гэтэл бид зургаан жилийн турш импортлогчдод борлуулалтаа алдаад төр рүү хандахад ямар ч арга хэмжээ аваагүй. Манай улсад сурагчийн дүрэмт хувцасны долоон үйлдвэр байдаг. Гэтэл өнөөдөр зарим үйлдвэр нь хаалгаа барихад хүрч байна. Стандартаа бариад, борлуулах цэгийг тодорхой болгох хэрэгтэй.  

Нарантуул зах, Баялаг-Ундраа, Дүнжингарав захаар дүүрэн хятад үйлдвэрүүдийн дүрэмт хувцас борлуулагдаж, эцэг эхчүүдийг хямд үнээр хуурч, хүүхдүүдийг хохироож байна” гэв.

Агаар, хоол хүнсний асуудлаар аюулгүй байдал гэж ярьдаг мөртлөө өмсөж буй хувцсандаа анхаарч судалгаа шинжилгээ хийдэггүй
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхболд “Формальдегид хэмээх бодис нь химийн материалаас бүрдсэн бүхий л түүхий эдэд байдаг. Уг бодисыг хүний биед хортой болохыг ДЭМБ-аас тогтоогоод, байх ёстой хэмжээ, үзүүлэлтийг нь заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, формальдегид нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээн архаг хууч өвчин үүсгэдэг.

Өнөөдөр агаар, хоол хүнсний асуудлаар аюулгүй байдал гэж ярьдаг мөртлөө өмсөж буй хувцсандаа анхаарч судалгаа шинжилгээ хийхгүй байна. Энэ бодисын хэмжээ импортоор орж ирж байгаа дүрэмт хувцсанд хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн байгууллагууд гаргаж ирэх ёстой” хэмээв.

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах хэлэлцүүлэг эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудын дунд удахгүй болох аж. 

Импортын ба үндэсний үйлдвэрлэгчдийн хувцасны ялгаа:

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn