Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баярсайхан: Бидний өнөөдөр харж байгаа үнэт олдворууд аль хэдийн тоногдсон булшнаас гарсан

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2361077334005262/
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа ажлаа байнга танилцуулж байгаа. 

Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул суманд байгаа 1,000 гаруй булшнаас тоногдсон 100 гаруй булшинд малтлага хийж олсон олдворуудаа өнөөдөр дэлгэн танилцуулж байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 40 хоног ажиллаад Монголын төдийгүй дэлхийн археологид тод бичигдэх олдворуудыг нээлээ. Эдгээр олдворууд 13 дугаар зууны Монголын түүхийн цоо шинэ эх сурвалж юм” хэмээв.

"Мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэсэн байх байсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны багийг ахалж ажилласан, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан “Бидний өнөөдөр харж байгаа үнэт олдворууд аль хэдийн тоногдсон булшнаас гарсан. Булш тоногдох нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Дархадын хотгорт бүтэн үлдсэн булш ховор болоод байгаа. 

Бид тус нутагт угсаатны зүйн судалгаа ярилцлаг хийж байх үедээ Хориг уулын аманд өвөлждөг Г.Баттөр гэдэг өндөр настай эмэгтэйтэй уулзсан. Тэр өндөр настантай ярилцах үед өвөлжөөнийх нь ард тонуулчид булш тоносон талаар хэлсэн. Ингээд Хориг уулан дээр гараад харахад 100 гаруй булш тоногдсон болох нь харагдсан. Ингээд тусгай зөвшөөрлөө аваад дараа жил нь малтлагаа эхлүүлсэн. Тонуулчид металл хайгчаар илрүүлэх боломжгүй 10 гаруй ваарыг бид олсон. Тэдгээрийн дийлэнх нь хөрснөөс доош ойр байсан учраас доторх зүйл нь байгальд задарсан байна.

Харин хөрснөөс доош нэлээд гүнд гурван ваар өрөм, нэг ваар шар тос хөлдүү хэвээр хадгалагдан үлдсэн байна. Жил ирэх тутам мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэсэн байх байсан. Тиймээс цаг хугацааны хувьд азтай тохиол боллоо.

Түүхэн эх сурвалжид дурдсанаар Хориг гэдэг нь язгууртнуудын булш байрладаг газрыг хэлдэг. Их Хориг Хэнтий аймагт Бурхан Халдун ууланд байгаа талаар эх сурвалжуудад үлдсэн байдаг бол Хөвсгөл аймагт, Хорьдол Сарьдагийн уулсад хэд хэдэн Хориг байгаа. Хориг ууланд гэхэд л хэдэн хэдэн язгууртны бүлэг булш байгаа юм.

Монгол булшны зан үйлийн хэд хэдэн чухал элемэнт бараг бүх булшин дээр байгаа. Бүх булшнаас ухмал модон авс гарсан. Бүтцийн хувьд ухмал модон авсан дотроо талийгаачаа хийгээд торгоор доторлон дээл хувцсыг нь хамт хийж, төмөр бүслүүрээр бүслэн гадуур нь ширээр гадуур бүрсэн байсан. Ингээд булшны толгой талд чулуун хөнөг дотор ваартай тоснуудаа хийсэн байна.

Ваартай тоснуудын хоёр нь голтой байсан учраас урьдчилсан байдлаар бид зул байх хэмээн таамаглаж байна.

Эдгээр 100 орчим дурсгалыг авран хамгаалсны дараа бидэнд судалгааны нөр их ажил бий болж байна. Энэ ажлыг олон улсын эрдэмтдийн багтай хамтарч хийхээр эхний уулзалтууд хийгдээд явж байна. Жишээ нь, Германд бүх булшны он цагийг тогтоож, ДНК-н судалгааг хийнэ. Энэ нь бидэнд маш их хэмжээний хандив өгч байна гэсэн үг.

Торгоны судалгааг мөн гадны эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран хийнэ. Бусад олдворууд, металл хийцүүдийг үргэлжлүүлэн судална.

Бид өнөөдөр ингэж мэдээлэл хийж байгаа нь учиртай. Тус бүс нутагт олон ууланд судалгаа хийсэн маш их тоногдсон булш байна. Тэнд үндэсний хэмжээний томоохон малтлага судалгаа хийх шаардлагатай. Цаашид Дархадын хотгор, Хорьдол Сарьдагийн бүс нутгийг бүхэлд нь тусгай хамгаалалтад авч, түүхэн аялал жуулчлалын бүс болгох боломж байна” хэмээн ярилаа. 

"800 жилийн тэртээ амьдарч байгаад нас барсан 4, 5 настай хүүхдийн булшийг тоноод ясыг нь тарааж хаясан нь үнэхээр гунигтай"

Америкийн Монгол судлалын төвийн эрдэмтэн Жулиа Кларк “800 жилийн тэртээ амьдарч байгаад нас барсан 4, 5 настай хүүхдийг уламжлалт байдлаар Дархадын хотгорын үзэсгэлэнт байгальд оршуулсан байна. Түүний мөнхийн тав тухтай булшийг муу хүмүүс тоноод, ясыг нь тарааж хаясан нь үнэхээр гунигтай. 

Соёлын өвийг хамгаалахад тал бүрийн оролцоо чухал гэдэг нь харагдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Олдворуудын зургийг ЭНД дарж үзнэ үү.