Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Зайсангаас Хүүхдийн ордон, Баянхошуунаас 3, 4 дүгээр хорооллын хооронд агаарын дүүжин зам тавина. ТЭЗҮ хийгдсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба болон Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/895989884133483/

"Жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа бий"

Нийслэлийн автозамыг гурван бүсэд хуваах саналыг иргэд дэмжээгүй тул хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Тиймээс цаашид ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Бид нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.

Харин Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс сошиалаар санал авч байхаар тохирсон.

Тиймээс бид энэ асуудлаар хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаа санал асуулга авахад иргэд дэмжсэн ч дараагийн санал асуулгад 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн гэсэн үр дүн гарсан.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 500 гаруй машин зорчиж байна. Мөн бид өдөрт гурван ажил төлөвлөхөд хоёрыг нь замын түгжрэлээс болж амжуулж чаддаггүй төдийгүй жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа мэдээлэл бий.

Тиймээс судалгаанд үндэслэж автозамыг А,В,С бүсчлэлд хуваан дарааллын системд оруулах бодлогыг гаргасан боловч иргэд маань дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа учир бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.

Гэсэн ч бид цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан нийтийн тээврийг сайн хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Өнөөдрийн байдлаар 1,200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч 2020 он гэхэд эдгээрийн 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

Мөн нийтийн тээврийг олон хувилбартай болгохын тулд "Cable car" буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Үүний ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж дууссан.

Энэ мэтээр нийтийн тээврийн хэрэгсэлдээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.

Дашрамд дурдахад, "Cable car" буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг Зайсангаас Хүүхдийн ордон, Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын хооронд явуулахаар төлөвлөжээ.

Түгжрэлийг бууруулахад хамгийн бага хугацаанд, бага өртгөөр хийж болох ажил нь бүсчлэлд хуваах байсан

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул "Бид нийслэлийн авто замыг гурван бүсэд хуваан техникийн улсын үзлэгт хамрагдсан, татвар, торгуулиа төлсөн тээврийн хэрэгслийг А, В бүсэд нэвтрүүлдэг болгохоор төлөвлөж байсан. 

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахын тулд хамгийн бага хугацаанд, бага өртгөөр хийж болох ажил нь энэ байсан.

Гэхдээ хот гэдэг бол хамтын амьдрал учраас Нийслэлийн засаг захиргаанаас ямар ч шийдвэр гаргасан иргэд оролцохгүй, дэмжихгүй байгаа тохиолдолд тухайн ажлыг хэрэгжүүлэх боломжгүй.

Бүсчлэлд хуваахгүй ч бид авто зогсоолын тоо, хүртээмжийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ.

Учир нь хөдөлгөөнд оролцож буй нийт жолоочийн 25 хувь нь сул зогсоол хайж 15-20 минутын турш 15 километрийн хурдтайгаар замаар зорчдог гэсэн судалгаа бий.

Өөрөөр хэлбэл зогсоол хайсан жолооч нар зохиомол түгжрэлийг бий болгодог гэсэн үг юм" гэлээ