Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн топ брэндүүд Хятадын иргэдээс дараалан уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Австрийн үнэт эдлэлийн Swarovski компани вэб хуудсандаа Хонг Конгийг тусгаар улс мэт бичиж, алдаа гаргасандаа Хятадын олон нийтээс уучлал гуйжээ.

“Хятадын ард түмний сэтгэлд сэв суулгасандаа бид гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Энэ долоо хоногт дэлхийн нэр хүндтэй брэндүүд Хонг Конг, Макао, Тайванийг бараа бүтээгдэхүүндээ алдаатай харуулсандаа дараалан уучлал гуйгаад байгаа юм.

Swarovski компанийн гаргасан алдааны улмаас брэндийг нь Хятадад төлөөлдөг жүжигчин эмэгтэй Жянь Шуин тус компанитай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан байна.

Саяхан Versace, Coach, Givenchy брэндүүд мөн бараа бүтээгдэхүүндээ Хятад улсын газар нутгийн талаар маргаантай агуулга дүрсэлснийхээ төлөө хятад хүмүүсээс уучлал гуйсан юм. Хонг Конгод хоёр сар үргэлжилж буй үймээн самууны улмаас Хятадын газар нутгийн маргаан эмзэг сэдэв болоод байгаа.

Дээрх компаниуд уучлал гуйсан ч Хятадын зах зээлд брэндийнх нь нүүр царай болдог алдартнуудаа алдаад байна. Versace брэндийн элч, жүжигчин Ян Ми, Coach брэндийн нүүр, загвар өмсөгч Лю Вэн, Givenchy брэндийн нүүр, TFBoys хамтлагийн гишүүн Жэксон Ие нар тус тусын компаниудаас хамтын ажиллагаагаа цуцалсан юм.

Хятад нь тансаг эдлэлийн дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог тул дээрх компаниудын хувьд энэ улсад байр сууриа алдахгүй байх нь чухал. 

Британи, Португалийн колони байсан Хонг Конг, Макао хотууд Хятадын засаг захиргааны тусгай бүсэд тооцогдож, “нэг улс, хоёр систем” зарчмаар өөртөө засах онцгой эрхтэй оршдог. Харин 1947 онд иргэний дайны дараа тусгаарласан Тайвань арлыг Бээжин өөрийн газар нутгийн салшгүй хэсэгт тооцож, өөртөө нэгтгэх санааг байнга илэрхийлдэг юм.

 

Эх сурвалж: AFP