Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2485831068314395/

Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. 

Хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ. 

Гэрэл зургийг mpa.mn

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж “Онцгой байдлын албан он гарсаар 2,293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллахдаа  900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан байна. 

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Туул гол дагуу 1,676 ажилтан, алба хаагч 178 техник хэрэгсэлтэйгээр эргүүл хийн ажилласан. Энэ жилийн усны эргүүлийн нэг онцлог нь зургаан дүүрэгтэй хамтран ажилласан. Ингэхдээ дүүрэг тус бүр Туул голын эрэг дагуух газрыг хуваан авч эргүүл хийсэн. 

Өнөөдрөөс Улаанбаатар хотын  хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууж байна. Энэхүү ажил нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ” гэлээ.  

Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Мөн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв.    

Гэрэл зургийг mpa.mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа “Зоонозын өвчин судлалын өвчин судлалын төв нь 30-40 орчим төрлийн халдварт өвчнийг мал амьтнаас хүнд халдаахгүй байх ажлыг хариуцдаг. Он гарсаар 930 зоонозын халдварын дуудлагад үйлчилсэн байна.

Энэ дундаас тарваган тахал өвчний хувьд 14 хувиар сэжигтэй тохиолдол нэмэгдсэн байна. Тэр дундаа нэг голомтод хоёр тохиолдол гарсан нь анхаарал татаж байгаа. Мөн Улаанбаатар хотоос хоёр сэжигтэй дуудлага бүртгэгдсэн. Тэр хоёр хоёулаа тарваганы боодог идсэн гэсэн. Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу хяналт шалгалт сайжруулах шаардлагатай болоод байна" 

Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Тээврийн цагдаагийн албанаас 183 алба хаагчийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлдсэн. Нийслэлд найман байнгын пост бэлдсэн. Мөн хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг батлаад явж байна. Дээрх зөрчил нь тээврийн хэрэгслээр зөөгдөн нийслэлд орж ирдэг учир хяналт шалгалтыг нэлээд сайжруулж байгаа".