Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Эрдэнэсайхан: 98 бичил ААН-ийн төслийг энэ долоо хоногийн сүүлчээр нээлттэй сонгон шалгаруулна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ЖДҮХС-гаар дамжуулан олгох бичил зээлийн сонгон шалгаруулалтын талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.  

- Энэ жил ЖДҮХС-гаас олгох зээлд хэдэн тэрбум төгрөг хуваарилагдсан бэ?

- 2019 оны улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг тусгагдсан. Өнгөрсөн жилүүдэд эх үүсвэрээ зээлийн эргэн төлөлтөөс өгдөг байсан бол энэ жил зээлийн эргэн төлөлтөөс эх үүсвэр орохгүй.

Тиймээс 47 тэрбум төгрөгтөө тааруулан сонгон шалгаруулалт хийх ёстой. Ингэхдээ Говьсүмбэр аймагт 500 сая, бусад аймагт тус бүр нэг тэрбум буюу 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт хуваарилсан.

Үлдсэн 26.5 тэрбум төгрөгийн 13.5 тэрбум төгрөгийг банкаар, 13 тэрбум төгрөгийг сангаар дамжуулан олгоно. 300 саяас нэг тэрбум төгрөгийн хооронд буюу банкаар санхүүжилтийг олгох төсөл сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоодугаар сард хийсэн. Нийт 47 төслөөс 16-г нь шалгаруулан банканд шилжүүлсэн. 

Харин одоо 20-300 сая төгрөгийн төсөл сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон нарийвчилсан шатанд хийнэ. Энэ долоо хоногтоо багтаад 20-100 сая хүртэлх /бичил зээлийн багц/ зээлийн төслийг төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулахаар ажиллаж байна.

- Банкаар олгох зээлийн тухайд хүү нь хэд байхаар тогтсон бэ?  

- Сангаас шууд олгогдож буй зээл нь жилийн гурван хувийн хүүтэй. Банкаар дамжиж олгогдох зээлийн хүү нь 5.4-5.8 хувь хүртэлх хүүтэй байхаар тогтсон.

Тавдугаар сард гарсан сайдын тушаалд найм хүртэлх хувийн хүүтэй гэсэн ерөнхий нөхцөл тусгагдсан. Үүний дагуу 13 банкнаас санал авч, шаардлага хангасан гурван банктай хэлцэлд орж, зээлийн хүүг буулгасан. Тухайлбал,  

  • Хаан банк 5.4 хувь
  • Хас банк 5.6 хувь
  • Төрийн банк 5.8 хувь байна.

- Зээл авах бичил ААН хэд байгаа вэ?

- Одоогийн байдлаар 20-100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 98 бичил ААН байна. Эдгээр ААН-ийг урьдчилсан шатны шалгаруулалтад оруулан төслийг нь үзэж, үнэлгээ өгөөд, тэнцсэн ААН-ийг газар дээр нь очиж үзнэ.

Энэ жилийн сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод явуулах тухай Засгийн газрын 87 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор live буюу шууд бичлэгийг youtube болон фэйсбүүк хуудсаар дамжуулж, тусгай зааланд шууд цацалт хийн үзүүлж байгаа билээ.

Нэг харамсалтай зүйл нь, сонгон шалгаруулалтыг шууд нэвтрүүлж өгөх хүсэлтийг телевизүүдэд тавихаар эфирээ урт хугацаанд өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн. Иймээс телевизээр шууд явах боломжгүй байгаа.

Гэсэн хэдий ч бид төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын бичлэгийг тасралтгүй хийж, баримтжуулж байгаа. Дараа нь хууль хүчний зөвшөөрөгдсөн байгууллагад шалгуулахад бэлэн.

- Эдгээр ААН-үүдийг үйл ажиллагаа эрхэлж буй төрлөөр ангилбал ямар төрлийн бизнес давамгайлж байна вэ?

- Бүх төрлийн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн төлөөлөл байгаа. Жижиг ААН-үүдийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон бичил ААН-үүд байна. Хуулийн дагуу архи, тамхи, ашигт малтмал, СЗХ-ноос зөвшөөрөл авдаг ББСБ зэргээс бусад ААН-үүд хүсэлтээ ирүүлсэн.

- Зээл олгохдоо оноогоор нь жагсааж буй явдлыг илүү тайлбарлахгүй юу?

- ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам 2019 оны тавдугаар сард сайдын тушаалаар батлагдсан. 300 саяас дооших зээл нь дөрвөн үе шаттай явагдана. 

  1. Төсөл хүлээн авч, бичиг баримтын бүрдэл шалгана
  2. Урьдчилсан шалгаруулалт буюу бичсэн төслийг нь үнэлж дүгнэх
  3. Газар дээр нь очиж төсөлтэй нь тулгаж үзнэ
  4. Төсөл сонгон шалгаруулах хороогоор оруулна

Өөрөөр хэлбэл, энэ дөрвийн нийлбэр оноогоор эрэмбэлж, төсөвт өртөгтөө багтаан зээлийг нь олгоно.

Нэмж хэлэхэд, 20-100 сая төгрөг хүртэл зээл авах ААН-үүдэд гурван тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилсан. Ийнхүү хуваарилахдаа жижиг ААН-үүдийг дэмжих бодлого баримталсан.

20-300 сая хүртэлх зээлийн 20 гаруй хувийг үнийн дүнгээрээ 20-100 саяын зээл авах бичил ААН-үүд эзэлсэн

Харин 100-300 сая хүртэлх зээлийн хүсэлт ирүүлсэн ААН-үүд үлдсэн 10.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс авна гэсэн үг. Сая орон нутгаар явахдаа бид ААН-үүд, үйлдвэрийг үзчихээд ирсэн.

- Мөн энэ жил орон нутгуудад төсөв шууд хуваарилж, зээл олгохоор болсон. Ажлын явц ямар байна вэ?  

- Шинэ журмын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар аймаг бүрт таван хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах дэд хороо байгуулсан. Журмын дагуу сонгон шалгаруулалт хийж, аймаг тус бүр ААН-үүдээ тодруулсан.

Аймгууд тэнцсэн ААН-ийнхээ мэдээллийг гэрээ хийсэн банкууд руу явуулсан ба одоогийн байдлаар зээл нь банкуудад судлагдаж байгаа.

Энэ жил орон нутагт зээлийн эрх олгосон нь их шинэлэг зүйл болсон. Аймгууд ААН-үүдээ сайн мэднэ. Мөн Өмнөговь аймгийн хувьд л гэхэд орон нутгийн төсөвтөө гурван тэрбум төгрөг хуваарилсан, зөвхөн аймгийнхаа ЖДҮ эрхлэгчдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломж гарсан. Ингээд журмын дагуу ХХААХҮ-ийн сайдтай гэрээ байгуулж, сонгон шалгаруулалтаа хийгээд банк руугаа шилжүүлсэн байх жишээтэй.  

Үүнээс харвал, Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай шинэ хуулиар бусад аймагт ч гэсэн орон нутгийн төсвөөсөө тодорхой хэмжээний мөнгө хуваарилж, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих бүрэн боломжтой.