Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс иргэдээсээ 10,000 гаруй галт зэвсэг худалдан авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хавар Кристчөрч хотын Исламын шашны сүмд зэвсэгт халдлага гарч, олон хүний амь үрэгдсэний дараа Шинэ Зеландын засгийн газар иргэдийнхээ гар дээр байгаа галт зэвсгүүдийг худалдаж авах хөтөлбөр баталсан юм.

Нийт 51 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг цагаан арьстныг шүтэх үзэлтэн, Австралийн иргэн эрэгтэй үйлдсэн байжээ.

Үүний дараа Шинэ Зеландын засгийн газар байлдааны зориулалттай, хагас автомат бууг хуулиар хориглож, иргэдийн гар дээр байгаа ийм зэвсгийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн юм. Хэрвээ энэ хугацаанд хориотой галт зэвсгээ хураалгаагүй бол дараа нь хариуцлага хүлээх нөхцөлтэй байв.

Галт зэвсэг худалдаж авах ажиллагаа долдугаар сарын дундуур эхэлсэн юм. Өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд нийт 10,242 бууг иргэдээс худалдан авсан байна.

Үүнээс гадна 1,269 бууг өршөөлд хамруулжээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй эзэмшиж байсан буугаа хаанаас ямар замаар олж авснаа цагдаад хэлэхгүйгээр буцаах өршөөлийн нөхцөлд ийм тооны галт зэвсэг хамрагджээ.

Шинэ Зеландын иргэдийн гар дээр нийт 1.2 саяас 1.5 сая орчим галт зэвсэг байдаг гэсэн тоо бий. Эдгээрээс хууль бус ангилалд багтсан хагас автомат бууг арванхоёрдугаар сарын 20 хүртэл худалдаж авах юм байна.

Хэрвээ заасан хугацаа өнгөрсний дараа хориотой зэвсэг эзэмшсэн бол хоёроос таван жил шоронд хоригдох ял оноох юм.

Шинэ Зеландын засгийн газар иргэдээс зэвсэг худалдаж авахад 150 сая шинэ зеланд доллар ($97 сая) төсөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian