Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРААТ БУС, ШУДАРГА ШҮҮХИЙН ТӨЛӨӨ ЦАХИМ НИЙГМИЙН ШААРДЛАГАД НЭГДЬЕ!

ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэж буй энэ  мөчид  монголчууд бид авлигаас ангижирч, шударга ёсыг тогтоохын төлөө хамтаараа урагш нэг алхам хийж чадах эсэхийг шалгах түүхэн сорилтын өмнө ирээд байна.

Өнгөрсөн 30 жилийн өөрчлөлт шинэчлэлт Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон амжилт, ололтыг авчирсан ч бид өнөөдөр авлигын индексээр дэлхийд өнгөлж, нам бизнес дамнасан бүлэглэлийн хулгай дээрэм хэрээс хэтэрч, эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлээд монгол хүний үндсэн эрхүүд ноцтой зөрчигдөх боллоо.

Энэ бүхэн шударга ёсыг сахиулагч шүүх засаглал хараат бусаар ажиллах боломжгүй байгаатай шууд холбоотой гэсэн дүгнэлтийг дотоод, гадаадын олон удаагийн хөндлөнгийн судалгаанууд 10 жилийн өмнөөс дэвшүүлж иржээ. Иргэдийн дунд ч эдийн засаг, нийгмийн асуудлаас илүүтэй шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлж шударга ёсыг тогтоох хүсэл хамгийн хүчтэй байгааг удаа дараагийн  санал асуулгын дүн харуулж байна.

Шүүгчийг томилох, хариуцлага тооцох эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн байдаг нь шүүхийг түүнээс хэт хамааралтай болгожээ. Тухайлбал,

  • Шүүгчийг сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага хэрэгжүүлж уг зөвлөлийн саналаар шүүгчийг томилох үүргийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хүлээлгэсэн байдаг. Гэвч үе үеийн Ерөнхийлөгчид зохих ёсоор сонон шалгаруулж, санал болгосон нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар шүүгчээр томилохоос дур зоргоороо татгалзаж ирсэн гашуун үнэн тун ойрын түүхэнд бичигдсэн. Тодруулбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүгчдийг чөлөөлж дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзаж, 20 шахам шүүгчийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн “цөлсөн.” Үүнийхээ шалтгааныг тайлбарлаагүй.
     
  • Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой заагаагүйн улмаас түүний дарга, гишүүнийг томилох журмыг УИХ-ын олонхийн үзэмжээр удаа дараа өөрчилж, тухай бүртээ Хууль зүйн сайдын, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ерөнхийлөгчийн гэх зэргээр аль нэг субьектын хэт нөлөө дор оруулж ирсэн байдаг.
     
  • Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос гадна шүүгчийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг бүгдийг нь томилж байна.
     
  • Үүн дээр нэмээд Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн томилдог.
     
  • Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор, АТГ-ын даргыг ямар ч үндэслэл тайлбаргүйгээр огцруулах, дурын шүүгчээ хугацаагүйгээр түдгэлзүүлэх хуулийг баталсан.

Энэ бүхэн нь Ерөнхийлөгч тэргүүтэй цөөн хүн шүүх эрх мэдэлд хэт нөлөөтэй болж, улмаар “шударга бусын хонгил” гэгдэх улстөр, бизнес, шүүх дамнасан авлигын бүтэц үүсэх цаад шалтгаан болоод байна.

УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ гажуудлыг засах заалтууд туссан ч Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс тус заалтуудыг бүгдийг хасах санал гаргаад байгаа нь шүүх эрх мэдлийг өөрийн хараанд байлгах, үүгээр дамжуулан “шударга бусын хонгил”-ын түлхүүрийг гартаа барьж үлдэх шахалтыг УИХ-д үзүүлэхийг санаархаж байна гэж үзэх үндэстэй байна. Тиймд иргэд Та бүхнийг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, хариуцлагатай болгохын төлөө, Шударга ёсны манаач-шүүгчийг шилж олох, томилох, хариуцлага тооцох чиг үүргийг нэг хүнээс хэт хамааралтай байдлыг таслан зогсоох, эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой заах, нийгмээ авлигаас ангижруулах, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд цахим гарын үсэг зурж нэгдэхийг уриалж байна. Шударга үнэнийг дэнслэн буруу зөвийг ялгаж хэн нэгний хувь заяаг шийдэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа шүүгчдэд хараат бус, дарамт шахалтгүйгээр ажиллах эрх чөлөөг олгоё.  Энэ эрхэм үүргээ умартсан нэгэнд нь хуулийн болон сахилгын шийтгэл зайлшгүй ногдуулж чадах, үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоог бий болгоё.

Цахим гарын үсгийн жагсаалтыг шаардах бичгийн хамт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгүүд болон УИХ-ын гишүүдэд хүргэх болно. 

Эх сурвалж: Trends.mn

Та ЭНД дарж цахим гарын үсэгт нэгдэх боломжтой.