Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Армандо Торрес: Гүний уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх шаардлага тулгарсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
 

“Оюу толгой” компани 2019 оны хоёдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

2019 оны хоёдугаар улирлын хувьд:

  • "Оюу толгой" компани уурхай аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ “Рио Тинто” группийн хэмжээнд тэргүүлсэн хэвээр байна
  • “Оюу толгой” ХХК Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгдсэн
  • "Оюу толгой" ил уурхайг гавьяат геологич Д.Гарамжавын нэрэмжит болгосон
  • Гүний уурхайн баг бүтээмж нэмэгдүүлэх санаачилга гаргасны үр дүнд зургаадугаар сард 1,000 м хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэсэн
  • 2019 оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зурцуулж ажилласан болохыг “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танилцуулгын үеэр онцоллоо. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр “Компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “Мобиком корпораци”-тай хамтран зам тээврийн осол, хүний амь эрсдэх, бэртэх гэмтэх эрсдлийг бууруулахад чиглэсэн “Яараад яахав дээ” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд хамтран оролцож байна. Энэ хүрээнд 280 сая төгрөгийн санхүүжилт бүхий нөлөөллийн аян, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд хүрэх замд хурд хэмжигч, иж бүрэн камер суурилуулна. 

Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий болсон. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх шаардлага тулгарсан.

Мөн гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд хийсэн шалгалтын тухайд эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг өгөх агуулга бүхий тогтоолын төсөл дээр ажиллана гэсэн. Энэ үйл явц үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. "Рио Тинто" болон "Турзойз Хилл ресурс" компаниудын зүгээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээнүүдийг өөрчлөхгүйгээр хэрэгжилт, үр ашгийг сайжруулах чиглэлийг барин ажиллаж байна.

Оюутолгойн төслийг үргэлжлүүлэх, цахилгаан станц барих санхүүжилтийг босгоход ойрын хугацаанд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах хэрэгтэй байгаа" гэв. 

Урьдчилсан мэдээллээс харвал зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилсон. Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн болох 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давжээ.
 

"Оюу толгой" компани 2010 оноос 2019 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар, Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтандаа 488 сая ам.долларыг зарцуулжээ. 

“Оюу толгой” компанийн санхүүгийн менежер Ц.Болормаа “Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар нийт 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн. 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн.

Мөн энэ оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулсан.

Гүний уурхайн төслийн 2019 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаас харвал:  

  • 39,156 тонн зэс олборлосон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар буурсан
  • 71,825 унци алт олборлосон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар илүү
  • Тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 12.3 хувиар илүү байна” гэлээ. 

Олборлолтын 4A дугаар үе шатнаас 4B дүгээр үе шатанд шилжиж, хуримтлагдсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:

  • 2019 оны нэгдүгээр улиралд 0.57 хувь байсан зэсийн агуулга 0.46 хувиар
  • Алтны агуулга 2019 оны нэгдүгээр улиралд 0.58 г/т байснаас 0.31 г/т
  • Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны нэгдүгээр улирлынхаас 14 хувиар
  • Үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 2019 оны нэгдүгээр улирлынхаас 14.6 хувиар
  • Үйлдвэрлэсэн алтны хэмжээ 2019 оны нэгдүгээр улирлынхаас 40 хувиар тус тус буурсан байна. 

Ил уурхайн хүдрийн олборлолт 4B болон зургаадугаар шатны хүдрийг түлхүү олборлож буйтай холбоотойгоор зэс, алтны агуулга он дуустал үргэлжлэн буурах төлөвтэй байгаа аж. 

Гэсэн хэдий ч “Оюу толгой” компани 2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байгаа. Хоёрдугаар босоо амны ажлуудыг дуусгаж, ашиглалтад оруулах нь Гүний уурхайн төслийн багийнхны хувьд эн тэргүүний зорилт хэвээр байгаа гэв.