Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуус бидний дуу хөгжмийг сонсоод эрч хүч авч, юунд ч бууж өгөлгүй өөдрөгөөр амьдраасай гэж хүссэн"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 8 сарын 9
iKon.MN
 

Японы охидын "Wonder weed" хамтлаг тав дахь удаагийн бие даасан цомгийнхоо танилцуулах тоглолтыг хийгээд тун завгүй.

Токио хотын залуусын хамгийн их цуглаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Шибүяа дүүрэгт тэд ээлжит тоглолт(наймдугаар сарын 1-н)-оо хийх гэж байхад нь түр саатуулан ярилцсан юм. Учир нь "Wonder weed" хамтлагийнхан энэ сарын 17-18-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт уламжлал ёсоор болох "Japan festival in Mongolia-2019" соёлын хөтөлбөрт оролцож, Японы поп соёлыг таниулан сурталчлахаар Монгол Улсыг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа билээ. 



-“Wonder weed” хамтлагийнхан жилийн өмнө Монголд ирж, Японы поп соёлын өдрүүдэд оролцсон гэж сонссон. Тухайн үед ямар сэтгэгдэл төрсөн бэ? Монгол үзэгчид хэр зэрэг хүлээж авч байв?

-Анх Монгол Улсын талаар бид огт өөр төсөөлөлтэй байлаа. Очоод бараг монгол гэрт байрлах болов уу гэж хүртэл бодож байсан. Гэтэл биднийг огт өөр орчин угтсан.

Бидний тоглолтын тухайд монголчууд манай хамтлагийн талаар сайн мэдэхгүй учраас төдийлөн сайн дэмжихгүй болов уу гэж бодож очсон. Харин монгол үзэгчид биднийг маш халуун дотно угтан авч, бүгдээрээ гар утасныхаа гэрлийг асаагаад гараа даллан дэмжсэнд бид үнэхээр их баярласан. 

-Монголд очоод тоглолтоос өөр ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө бий юу. Хоёр дахь удаагаа очих гэж байгаа болохоор илүү их хүлээлттэй байна уу?

-Хөтөлбөрт тоглолт голлож орсон. Хэд хэдэн удаа тоглох юм билээ. Түүнээс гадна аялал жуулчлалын хөтөлбөр багтсан. Боломж гарвал тэмээ унаж үзэх хүсэлтэй байгаагаа бид зохион байгуулж буй хүмүүст хэлсэн. Одоогоор тодорхой болсон эсэхийг мэдэхгүй байна.  

Өнгөрсөн жил очихдоо бид түүх дурсгалын газруудтай танилцаж, Чингис хааны түүхийн талаар мэдээлэлтэй болсон. Мөн Монгол үндэсний хувцас өмсөж үзсэн.Үндэсний хувцасны загвар их таалагдсан. 

Харин монгол үзэгчдээсээ хүсэхэд, энэ удаа очиход бидний нэрийг болж өгвөл цээжилчихсэн байвал их баярлана шүү(инээв). 

 
Эх сурвалж: Хамтлагийн вэб хуудаснаас

Зүүн гар талаас:

Дуудах нэр: Канон (Шар өнгийн хувцас өмсдөг) Өөрийн нэр: Шибата Канон
Дуудах нэр: Юүмэка (Хөх өнгийн хувцас өмсдөг) Өөрийн нэр: Ширакава Юүмэка
Дуудах нэр: Чийчян (Улаан өнгийн хувцас өмсдөг) Өөрийн нэр: Сакүра Чихиро
Дуудах нэр: Юүзүка (Ногоон өнгийн хувцас өмсдөг) Өөрийн нэр: Камиаки Юүзүка
Дуудах нэр: Эмири (Улбар шар өнгийн хувцас өмсдөг) Өөрийн нэр: Ёшизава Эмири

-Бусад хамтлагаас танай хамтлагийн ялгарах гол онцлог нь юу вэ?

-Манай дуунуудын ая нэлээд хүчтэй хэмнэлтэй, рок шинжтэй. Дууны үгнүүд ч гэсэн зүгээр нэг хайр дурлалын тухай гэхээсээ илүү амьдралын утга учрыг илэрхийлсэн, гүнзгий агуулгатай. 

-Энэ агуулгатайгаа хамтлагийн нэр мэдээж холбогдож байгаа юу?

-Хамтлагийнхаа нэрийг “Wonder weed” буюу "Гайхамшигт шарилж" гэж өгсөн нь учиртай. Шарилж бол хүн, амьтны хөлд яаж ч гишгүүлж байсан хатаж үхдэггүй ургамал. Яг түүн шиг хүний амьдралд янз бүрийн хүндрэл тохиолдоход тэр болгонд гутралгүй, ялангуяа хүүхэд залуучууд бидний дуу хөгжмийг сонсоод эрч хүч авч, юунд ч бууж өгөлгүй өөдрөгөөр амьдраасай гэж хүссэн тул ийм агуулгатай нэр өгсөн.   

-Японы орчин үеийн хүүхэд залуучуудын хөгжмийн сонирхол, чиг хандлага ямар байгаа вэ?

-Японы хүүхэд залуучуудын сонирхдог дуу хөгжмийн урсгалын тухайд яг тогтсон зүйл байхгүй. Хувь хүн чөлөөтэй, өөрийнхөө сонирхлоор л дуу хөгжмөө сонгоод сонсдог. Сүүлийн үед анимэ кинонуудын дууг сонсдог залуус нэмэгдэж байхад зарим нь хамтлагуудыг дэмждэг ч юм уу. Эсвэл зөвхөн бие даасан дуучдыг сонсох ч юм уу, янз бүр. 

 
Эх сурвалж: Хамтлагийн твиттер хуудаснаас

-Танай хамтлаг цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ. Өөр улс оронд очиж тоглох уу?

-Бид сая тав дахь удаагийн цомгоо гаргасан. Энэ долоо хоногт цомгоо танилцуулах тоглолтоо хийж байна. Наймдугаар сарын 24-нд Японы томоохон хамтлагууд оролцдог дуу хөгжмийн фестиваль болох юм. Монгол явж ирээд тэр наадамд оролцохоор төлөвлөж байгаа. 

Өмнө нь бид Монголоос гадна Тайвань, Тайланд, Вьетнам улсад очиж тоглож байсан. Цаашид Хятад руу явах төлөвлөгөөтэй байгаа ч хараахан шийдэгдээгүй байна. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Монголд хийх тоглолтод нь амжилт хүсье.

-Манай хамтлагийн талаар монгол үзэгчдэд мэдээлэл түгээж өгч байгаад их баярлалаа. Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Вайт Рок Центр”-т болох манай тоглолтыг ирж сонирхоорой.

Монголын үзэгчдэд зориулж илгээсэн Wonder weed хамтлагийн бичлэг:

https://www.facebook.com/jfesmongolia/videos/423784171541929/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.