Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дэглэм кибер халдлагаар $2 тэрбумыг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм өөрийн цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд кибер халдлагаар нийт $2 тэрбумыг хулгайлсан тухай НҮБ-аас гаргасан шинэ тайланд өгүүлжээ.

Уг тайланг саяхан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Умард Солонгосын эдийн засгийн хоригийг хариуцсан түр хороонд танилцуулсан байна.

Тайланд өгүүлснээр Пёньяны эрх баригчид кибер халдлагаа гадаадын банк, крипто валютын арилжааны төвүүд рүү чиглүүлж, нийт 35 халдлага зохион байгуулснаас $2 тэрбумыг олсон гэнэ.

Эдгээрээс крипто валютын төвүүд рүү хийсэн халдлага нь илрүүлэхэд илүү төвөгтэй, ул мөр багатай байсныг тайланд өгүүлжээ.

2006 оноос эхлэн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосын дэглэмийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг дараалан хэрэгжүүлсэн байдаг.

Өчигдөр буюу Мягмар гарагт тус улс хоёр пуужин харвасан нь сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд дөрөв дэх удаагаа зэвсэг туршсан хэрэг байлаа.

Энэ удаа Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэнтэй холбогдуулан талуудад сануулга өгөх зорилгоор туршсан гэж Ким Жон Ун ярьсныг Пёньяны төв хэвлэл дамжуулсан байна.

 

Эх сурвалж: BBC