Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Бат-Эрдэнэ: Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авбал тав хүртэлх жилээр хорих арга хэмжээ авна

О.Дашням, Өдрийн сонин
2019 оны 8 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

-Хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн 70 гаруй хувь нь хорих ялаар шийтгүүлдэг-

Нийслэлийн мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нийслэлд үйлдэгдэж буй хэрэг зөрчлийн зонхилох хувийг орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүүлийн 10 жилийн судалгааг харахад жил дараалан өссөн байдаг.

Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 34.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг түргэн хугацаанд илрүүлж, шүүхийн шатанд шийдвэрлэж байгаа нь үүнд нөлөөлж байна даа.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн 70 гаруй хувь нь хорих ялаар шийтгүүлдэг. Энэ нь ч хулгайн гэмт хэрэг буурахад нөлөөлж байгаа. Гэсэн ч нэг өдөрт л 20 гаруй айл өрх хулгайн гэмт хэрэгт өртсөн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

-Гол төлөв гэр хороололд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед орон сууцны айл ухсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга хэлбэрийн тухайд тодруулахгүй юу?

-Олон үйлдэл бий л дээ. Орон сууцанд бол тагтаар нь дамжиж вакум цонхыг нь түлхэж орох, бүргэд хаалга эвдэх зэрэг аргаар айлд орж хулгай хийж байна. Харин гэр хороололд бол цоож цуургыг нь эвдэх, эсгий гэрийн тооноор орох зэргээр бусдын эзэмшилд нэвтэрч хулгай хийж байна.

Сүүлийн үед ажлын байр, оффис ухсан хэрэг хэд хэд бүртгэгдлээ. Ажлын байранд их хэмжээний бэлэн мөнгө, компьютерээс авахуулаад үнэ өртөг өндөртэй эд зүйлс хадгалагдаж байдаг болохоор тэр л дээ.

-Амралт зугаалгын үеэр хөдөө орон нутаг руу аялахад гэр эзгүй үлддэг. Энэ нь хулгайчдад том боломж олгодог шүү. Орон гэрээ эзгүй үлдээж байгаа тохиолдолд юу анхаарах вэ?

-Хөршийн харилцаа холбоо хэрэгтэй. Хажуу, ойролцоо айлдаа захиж үлдээх нь чухал. Хулгайн гэмт хэрэгтэй айл хөршөөрөө. гудамжаараа нийлж тэмцэх хэрэгтэй. Ингэсэн цагт та орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломжтой.

Өнөөдөр хажуу хөрш айлаа таньдаг хүн амьтан ховор болжээ. Хажуу айлаас нь гараад зурагт тэврээд явж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэх сэтгэлтэй хөрш алга болсон байна, “Миний юмыг хулгайлсан юм биш, надад хамаагүй" гэсэн хар амиа бодсон сэтгэхүйтэй болчихож.

Хулгайн гэмт хэрэгтэй олуулаа тэмцье гэсэн ухамсар алга байна. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн хэргээс нь шалтгаалаад мэдээллээр хангасан иргэнийг урамшуулж өгдөг. Мэдээллийн нууцыг хадгална. Мөн амралт зугаалга эхэлж, хүний хөл татарсан үед машины эд анги хулгайлах гэмт хэрэг олон үйлдэгдэж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчид айл өрх бүрээр л орж анхааруулдаг. Цагдаа нарын үгийг тоож сонсож байгаа хүн цөөхөн шүү дээ. Улиг болсон юмаа ярьж явна уу эд нар гэсэн байдлаар хүлээж авна.

Харин хулгайд эд зүйлсээ алдчихсан хойноо бол “Яг одоо олж өг” гээд л хашхираад орж ирнэ шүү дээ. Хэргийн мөрөөр нь орж хөрш айлуудаас нь мэдүүлэг авахад “Нэг хүн хашаагаар нь ороод зурагт тэврээд гарч байх шиг байсан. Өөрсдөө юм болов уу гэж санасан. Би мэдэхгүй” гэх тайлбар хэлж байгаа юм.

Ингээд илрүүлэлт удааширна. Өнөө хулгайчид нь аль хэдийнээ хувийн машиндаа ачаад, эсвэл такси бариад явчихсан, борлуулчихсан байдаг. Цагдаад хэр шуурхай мэдэгдэнэ, төдий хэмжээгээр түргэн илрүүлнэ. Иргэний үүрэг гэж байгаа шүү дээ.

Саахалт айлаас нь эд хогшил тэврээд гарч байхад хэл чимээ өгч, цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй. Орон байрны хулгайн гэмт хэрэг нийслэлд үйлдэгдэж буй хэргийн 60 гаруй хувийг эзэлдэг. Хамтраад үүнтэй тэмцвэл гэмт хэргийн тоо статистик буурах гээд байна шүү дээ.

-Хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдсэн хэр нь худалдаж аваад байдаг хүмүүс бий. Энэ иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хулгайчидтай удаа дараа хамтарч ажиллаж эд зүйлсийг нь худалдаж авсан бол 18.6 буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хариуцлага тооцдог.

Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авсан бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж тав хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх хуулийн заалт бий. Зах зээл байгаа учраас л хулгайчид өдөр тутам айл ухаад байна шүү дээ. Бид ченж гэх улсуудтай тэмцэж шинэ Эрүүгийн хуульд заалт оруулж өгсөн. Өмнө нь бол торгоод өнгөрдөг байсан. Одоо тийм зүйл байхгүй.

-Орон сууцны айлуудын хаалганд хавчуулж явж байгаа нь тухайн айлыг хулгайчдын хараанд оруулдаг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл тухайн өрх эзгүй байгааг илтгээд өгчихдөг гэх. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үйлчилгээний байгууллагууд брошураа орон сууцны айл өрхийн хаалганд хавчуулж явах тохиолдол байдаг. Үүнийг удаан хугацаанд авахгүй байх нь тухайн өрх эзгүйг илтгээд өгдөг тал бий.

Орон сууцанд амьдардаг иргэд ч хөрш айлууд руугаа эзгүй үед нь өглөө оройдоо нэг удаа хараагаа бэлчээгээд байхад гэмгүй. Манайханд одоогоор ийм ухамсар алга. Сая гэгээн цагаан өдөр хоёр давхрын тагт руу нэг иргэн авирч хулгай хийсэн байгаа юм.

Эсрэг талын байрнаас нь хэд хэдэн иргэн харж байсан байгаа юм л даа. Тухайн иргэдээс хэргийн талаар тодруулахад “Би мэдэхгүй. Хүн авираад байх шиг байсан. Өөрсдөө гэр лүүгээ орж байна гэж бодсон шүү дээ” гэх тайлбарыг хэлж байгаа юм.

Тухайн иргэн цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол тухайн айл хулгайн гэмт хэргийн золиос болохгүй байсан. Нэмээд хэлэхэд удаан хугацаанд гэрээ орхиж явж байгаа бол хорооны цагдаадаа мэдэгдэж байх хэрэгтэй. Эргүүл хийх явцдаа ганц нэг тойрчихоод байна.

-Хулгайч нарын арга барил нарийсаж машин техник ашиглаж хулгай хийж байгаа тухай мэдээлэл байдаг?

-Бөөнөөрөө явж зохион байгуулалттайгаар хулгайн хэрэг үйлддэг бүлэг этгээдүүд бий. Нэг нь машинтай зогсож байхад нөгөөх нь гэрт орж хулгайн хэргийг гардаж хийнэ. Үлдсэн нь хүн харж байх ч юм уу. Ийм замаар бүлэглэж хулгайн хэрэг үйлддэг.

Эдгээр иргэдийн хулгайлсан эд зүйлсийг худалдаж авдаг иргэд нь бэлэн байдаг. Энэ хулгайчид айлуудыг сайтар судалсан байдаг. Энэ айлын авдарт ийм үнэт эдлэл бий гэдгийг мэдчихсэн байдаг.

Манайхан Цагаан сараар ч юм уу алт, мөнгөн эдлэл, хөөрөг зэргийнхээ зургийг авч олон нийтийн сүлжээнд байршуулж байгаа нь хулгайчдын олз болж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын сайдын алба хашиж байсан хүний гэрт хулгай орж үнэт эд зүйлсийг нь авсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд гэрийн эзэд хэдэн цагийн үед ажилдаа явдаг, хэзээ ирдгийг нь сайтар судалж байгаа л хулгай хийсэн байгаад юм.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай ажиллаж илрүүлсэн. 2019 он гарсаар орон байрны хулгайн хэрэг үйлддэг 23 бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан. Ер нь орон байрны хулгайн 700 орчим үйлдлийг илрүүлсэн байгаа.

Зураг