Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

УЕП Б.Жаргалсайхан: АНУ-аас С.Төмөрбат шүүгчийг буцаан авчрахаар ажиллаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 8 сарын 3
iKon.MN

- АНУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан багтаж байгаа билээ.

Олны анхаарал татаад буй зарим үйл явдал, гэмт хэргийн талаар түүнээс тодрууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Таныг айлчлалын бүрэлдэхүүнд явж байгаатай холбоотойгоор янз бүрийн хардлага бий болоод байна. Та ямар асуудлаар АНУ-ын Ерөнхий прокурортой уулзах вэ?

- Айлчлалын нэг зорилго бол Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн яамыг толгойлж байгаа Хууль зүйн сайдтай уулзсан.

АНУ-ын Хууль зүйн яамны нэг онцлог нь Улсын Ерөнхий Прокурор Хууль зүйн сайд нь өөрөө байдаг.

Хоёр улсын ерөнхий прокуроруудын хамтын ажиллагаа, сургалт, эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлуудаар уулзах гэж байгаа юм.

Сургалттай холбоотой асуудал дээр сүүлийн таван жилд Монгол, Америкийн прокурорууд долоон удаа хамтарсан сургалт зохион байгуулсан байдаг.

Үүнийг цааш нь өргөжүүлэх чиглэлтэй байна.

Хоёрдугаарт, АНУ-ын прокурорын газар нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах манай чиглэлтэй адил эрүүгийн хэргийг яллахаас гадна улсын эрх ашгийг хамгаалж төлөөлөн дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй.

Энэ ажлын туршлагыг бид судлая гэж байгаа юм.

Мөн эрх зүйн туслалцааны чиглэлээр манай улс АНУ-тай байгуулсан 30 гаруй гэрээ хэлэлцээр байдаг. Гэхдээ засгийн газрын хүрээнд эрх зүйн туслалцааны чиглэлээр байгуулсан гэрээ байдаггүй.

Бид Авлигын эсрэг конвенцийн хүрээнд АНУ-тай хамтран ажиллах боломжтой байдаг.

Энэ конвенцид АНУ 2003 онд элсэн орсон байдаг бол Монгол Улс 2005 онд элсэн орсон. Авлигын эсрэг конвенцид заасан 11 зүйл заалтын хүрээнд харилцан тусалдаг. Тухайлбал, авлигаар олсон эд хөрөнгийн тухай мэдээлэл олж өгдөг.

Зураг: АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеийн зуруаг:

- Хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудалд холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан С.Төмөрбат шүүгч АНУ-ын хил дээр гэр бүлийн хамт саатуулагдсан. Түүнтэй холбоотой асуудлыг уулзалтын үеэр хөндөх үү?

- Ганцхан С.Төмөрбаттай холбоотой асуудлаар энд ирээгүйг би түрүүн хэллээ.

С.Төмөрбаттай холбоотой асуудлын тухайд эрх зүйн туслалцааны хүрээнд энэ хүнийг буцаан авчрахаар манай мөрдөх байгууллага ажиллаж байна.

- Өөрөөр хэлбэл, С.Төмөрбат шүүгчийг эх оронд нь албадан буцаана гэсэн үг үү?

- Тийм.

Эрх зүйн туслалцааны хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай мөрдөх байгууллага хуулийн хүрээнд Америкийн мөрдөн байгууллагад хандчихсан байгаа.

- Мэргэжлийн хяналтын байцаагч бусдаас онц их хэмжээний хахууль авсан нь нотлогдсон байхад анхан шатны шүүхээс тухайн авлигын мөнгөн дүнтэй дүйцэхээргүй хөнгөн шийтгэл ногдуулсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн прокурор эсэргүүцэл бичсэн байгаа.

Удахгүй болох давж заалдах шатны шүүх хуралдаанаар манай эсэргүүцлийг хэлэлцэх байх.

Ер нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал бол хууль тогтоогч нарын асуудал.

Энд өөрчлөх чиглэлд прокурорын байгууллагаас саналаа өгсөн. Би хууль хэрэгжүүлэгч хүний хувиар хөөн хэлэлцэх хугацаа болно, болохгүй гэдэг байдлаар ярих боломжгүй юм.