Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхий сайд маргаантай аралд зочилж, Япон улс эсэргүүцэл илэрхийлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Курилын арлуудад зочлохдоо Япон улстай маргаантай байдаг дөрвөн арлын нэг болох Итурупт газарджээ.

Медведевийг тус аралд очсоны дараа Япон улсын засгийн газар албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна. Оросын тал Өмнөд Курилын арлууд гэдэг, Японы тал Умард Газар нутаг гэдэг дөрвөн арал нь хоёр улсын хооронд газар нутгийн маргаан үүсгэдэг юм.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд эдгээр арлуудыг Зөвлөлтийн цэрэг эзлэн авсан гэж Токиод үздэг. Арлуудын маргаан хоёр улсыг дайны дараа энхийн гэрээ байгуулахад саад болсоор өнөөдрийг хүрсэн юм.

Медведевээс сэтгүүлчид Японы засгийн газрын эсэргүүцэлд санаа зовж байгаа эсэхийг асуухад тэр “Огт үгүй. Энэ бол Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг, манай газар шороо. Эдгээр арлууд нь Сахалины хязгаарын нэг хэсэг. Бид юундаа санаа зовох вэ?” гэж хариулжээ.

Тэрээр ямар ч улс оронтой зөвшилцөлгүйгээр ОХУ-ын засгийн газрын төлөөлөгч өөрийн газар нутагт хөл тавих эрхтэй гэж мэдэгдсэн байна.

“Аль нэг улс орон эсэргүүцэж байвал манай засгийн газрын төлөөлөгчид энд ирэхээ улам нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг” гэж Медведев хэлжээ.

 

Эх сурвалж: ТАСС