Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Экспортыг хязгаарласнаар ноцтой үр дагаварт хүрэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Япон улсад анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Японы засгийн газар тус улсаас тусгай материал импортлох эрхтэй орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хасах шийдвэр гаргасан нь хоёр орны дунд өрнөж байгаа маргаан зөрчлийг гүнзгийрүүллээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уг шийдвэрийг гарсны дараа засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, хуралдааныг өөрөө даргалсан байна.

Хуралдааныг нээж хэлсэн түүний үгийг Өмнөд Солонгос даяар шууд дамжуулжээ.

Мүүн Жэ Ин хэлсэн үгэндээ Токиогийн шийдвэрийг хоёр орны харилцаанд хортой үр дагавартай гээд Японы эрх баригчдын хувиа бодсон алхам дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учруулахыг анхааруулсан байна.

Тэр бас маргааныг дипломат аргаар шийдэх гэсэн Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Япон улс үл тоомсорлосонд гүнээ харамсаж байгааг илэрхийлжээ.

“Нөхцөл байдлыг дордуулсны гол буруутан Япон улс мөн тул цаашид гарах бүх үр дагаврын хариуцлагыг хүлээх ёстой” гэж Мүүн Жэ Ин хэлсэн байна.

Тэрээр Японы засгийн газрын шийдвэрийн хариуд эрс шийдэмгий арга хэмжээ авахаа амлажээ.

“Япон улс хүчирхэг эдийн засагтай гүрэн мөн боловч Өмнөд Солонгост бас хариу цохилт өгөх арга зам бий” гэж тэр хэлсэн байна.

Гэхдээ тэр дараалан үргэлжлэх хариу арга хэмжээнүүдээр дайтах хүсэлгүй, аль болох эрт яриа хэлэлцээрийн замаар маргаанаа эцэслэх сонирхолтой байгаагаа бас илэрхийлжээ.

Мүүн Жэ Ин өөрийн улсын ард иргэдэд хандаж хэлэхдээ “Азийн дөрөв дэх хүчирхэг эдийн засагтай улс ийм бэрхшээлийг давах чадвартай” гээд нүүрлээд байгаа асуудлыг боломж болгон ашиглахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News