Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сэржбүдээ: Залуу байхад ассан гал шиг явах үе байсан. Одоо тэрийгээ залгиж чаддаг болсон байна

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Зарим үед та бид огт уулзаж үзээгүй хүнийхээ тухай өөрсдийн бодож олсон төсөөлөл бопон дүгнэлтэд итгэж сайн эсвэл муу гэдэг хоёр туйл руу хэлбийх нь бий.

Харин тэдгээр хүмүүстэйгээ тулж уулзахтай зэрэгцэн төсөөлөл бодит байдал хоёр зөрөлдөж, “тулалдах”-д ичих мэдрэмж төрөх нь бас байх. Гэхдээ энэ удаагийн ярилцлагын зочин болох улсын заан Д.Долгорсүрэнгийн Сэржбүдээгийн талаар өөрт минь яг таг хатуу төсөөлөл байсан гэж хэлэхэд хэцүү.

Гэсэн ч УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, улсын аварга Д.Сумъяабазарын дүү, Японы үндэсний сумо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн ах гэдгээс өөрөөр яг үнэндээ улсын начин, “Royal” группийн ерөнхийлөгч, “ГазКом” компанийн ерөнхий захирал Д.Сэржбүдээгийн талаар төдий л сайн мэдээлэл болон ойлголтгүй явлаа.

Иймд эрхэм уншигч танд Д.Сэржбүдээ хэмээх хувь хүнийг бараг л шинээр танилцуулж болохуйц энэ удаагийн ярилцлагыг хүргэе ээ.

-Энэ уулзалт та бид хоёрын хоёр дахь уулзалт болж байна. Анх уулзахад бизнестэй тань холбоотой нэлээн өргөн дэлгэр яриа өрнөсөн. Гэхдээ хувь хүн талаасаа бол та миний хувьд танихгүй хүн хэвээрээ л байгаа. Иймд ярилцлагадаа тодорхой цаг хугацааг гаргах зорилготой ирсэн гэдгээ юун түрүүнд хэлмээр байна?

-Өө, би чинь хэвлэлээр нэг их гараад байдаггүй. Хувь хүний маань онцлог байх. Гэхдээ мэдээж заримдаа өөртэйгөө холбоотой мэдээллийг олж унших үе байдаг. Сонирхолтой санагддаг. Олзуурхууштай нь муугаар гарсан мэдээ их ховор байх шиг харагддаг. Асуух асуулт байна аа гэвэл би хариулаад л байх бодолтой сууж байна даа.

-Гэхдээ сүүлийн үед та хэвлэлд тодорхой нэг сэдвээр ярилцлага өгч байгаа харагдсан?

-Утааг бууруулах уу.

-Тийм ээ. Сүүлдээ бараг л “Улаанбаатарыг утаагүй болгоно” гэж зарладаг дараагийн “баатар” төрж байна уу даа гэмээр санагдсан шүү?

-Баатар болох болохгүйдээ асуудлын гол нь биш л дээ.

-Асуудал нь тэгээд юунд гэж?

-Би чинь монгол хүн.

Монгол хүн бүрийн өмнө тулгарч байгаа хамгийн том аюул бол утаа. Миний хувьд Монгол Улсын иргэнийхээ хувиар агаарын бохирдлыг хурдан арилгахыг хүсэж байна.

Үүний тулд өөрийнхөө боломж, бололцоо, иргэний үүрэг, хариуцлага, ухамсартаа үндэслээд агаарын бохирдлыг бууруулах ажилд сэтгэл зүрхээ хэрхэн зориулах вэ гэдгийг өөрөөсөө асууж байсан үе надад их олон бий.

Бод л доо, үе, үеийн Засгийн газар, улстөрчид “Агаарын бохирдлыг бууруулна” гэж ярьдаг. Харамсалтай нь, ямар ч өөрчлөлт хийж чадсангүй. Цаг хугацаа харин яваад л байна. Монгол хүний эрүүл мэндийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн нь миний санааг маш их зовоож, эмзэглэл төрүүлдэг. Учир юу гэвэл би бол аав хүн.

Миний хүүхдүүдийн ирээдүй яг бусад хүүхдүүдийн нэгэн адил эрсдэл дунд байна. Утаа гэдэг өөрөө аюул. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Өчнөөн олон тоон мэдээлэл, судалгаанаас харахад Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдээд шинэ шинэ өвчлөлүүд жилээс жилд нэмэгдэж байна.

Ялангуяа бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд тэр чигт нь агаарын бохирдол эрсдэл учруулж байна. Бод л доо, агаарын бохирдлоос болж ураг эхийнхээ хэвлийд өсөлт нь зогсож байхад яаж хажуугаар нь чимээгүй нүдээ аниад, чихээ бөглөөд явах юм бэ. Тийм биз дээ.

-Хэн хүнгүй л сэтгэл эмзэглэдэг. Харамсалтай нь, улстөрчид ч, үе үеийн төр засаг ч гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ аваагүй гэдгийг та сая хэллээ. Тэгэхээр энэ эмзэглэл хэзээ арилахыг хэлж мэдэхгүй юм?

-Гол нь тэмцэх хэрэгтэй. Тэмцэж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн гэдэг бодит үнэнтэй юун түрүүнд нүүр тулж, тэмцэх цаг нь болжээ гэж би бодсон. Тиймээс ч манай “Газком” компанийн үйл ажиллагааг миний зүгээс хийх бүрэн дүүрэн энэ тэмцлийн нэг хэлбэр гэж ойлгож болно.

Тэмцэнэ гэхээр юу юугүй жагсаж цуглаад, лоозон барьж гүйхийг ойлгодог хүмүүсийн хувьд сонин санагдаж магадгүй. Дээр нь, хувьдаа ашиг хийхийн тулд утааны аюулыг ашиглах нь гэж бодох хүн ч гарч мэднэ.

Гэхдээ тийм биш л байхгүй юу. Миний хувьд бага насаа гэр хороололд өнгөрүүлсэн. Нүүрсний утаа, үнсний хог хаягдлын дунд л хүүхэд нас маань өнгөрлөө шүү дээ. Тиймээс энэ аюул хурдан шийдэгдээсэй, агаарын бохирдлоос иргэд маань салж, шинэ дэвшил, шинэ орчинд амьдраасай гэж бодсоны үндсэн дээр нэлээн гүн, хурцаар орчихлоо.

-Гол нь яаж. Та ямар арга замаар Улаанбаатарын утааг бууруулах гээд байгаа юм бэ?

-Нэг зүйл ойлгоорой.

-Юуг?

-Намайг Улаанбаатар хотын утааг бууруулах тухай бус бүр устгаж, байхгүй болгох тухай ярьж байгаа гэдгийг. Миний хувьд залуу насныхаа нэлээд хугацааг Японд өнгөрүүлсэн. Япончуудын хувьд газ бол байнгын хэрэглээ. Тэрийг дагаад би ч гэсэн газыг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэдэг байсан.

Харин дараа нь Монголдоо ирээд газ оруулж ирж байгаа компаниудын газыг авч хэрэглэх үедээ энд өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Тэр дундаа, зөвхөн ахуйн буюу гал тогооны өрөөнд газ хэрэглээд зогсохгүй, халаалтын асуудлыг газаар шийдэх цаг болсон гэж үзээд 2006 оноос судалгаа хийж эхэлсэн. Үүнд чамгүй их цаг хугацааг зарцууллаа. Сайн ч судлалаа.

Тэр дундаа, сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа болон бизнес төсөл маань бодитой болж “Монгол Улсдаа хэрэгжүүлбэл амжилттай болно. Нутагшуулах боломж байна” гэж үзээд өнгөрсөн оны аравдугаар сараас бодитоор хэрэгжүүлж эхэлсэн.

-Бодит ажил, бодит үр дүн гэхээр?

-Ямар нэгэн туршилтгүйгээр айлууд маань шууд хэрэглэгч болж эхэлсэн. Нүүрснээс татгалзаж, газын хэрэглэгчид болох замаар дулааны асуудлаа шийдсэн гэсэн үг.

Эхний хэрэглэгчид маань Баянгол дүүрэгт Содномпил, Сонгинохайрхан дүүрэгт Халиун гэж хүмүүс бий. Эдгээр айлуудад нүүрснийх нь оронд газын дулаан хангамжийн бие даасан иж бүрэн системийг суурилуулж өгсөн.

Одоогийн байдлаар 300 гаруй айл энэ системийг суурилуулах хүсэлтээ гаргасан. Хагас жил хүрэхгүй хугацаанд гэхэд том амжилт. Хүмүүст танигдсан байна аа гэсэн үг биз.

-Гэхдээ улаанбаатарчуудын хувьд утаагүй болох, утаагүй болгох туршилтуудад хангалттай орчихсон хүмүүс. Үе үеийн Засгийн газар “Утааг бууруулна” гэдэг зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулдаг. Харамсалтай нь хэрэгждэггүй. Таны хувьд нэгэнт энэ бизнесийг эхлүүлсэн учраас төр засгийн мөрийн хөтөлбөр болох биелэлттэй тодорхой хэмжээнд уягдаж таараа. Энэ бизнест төрийн дэмжлэг ч гэсэн зайлшгүй хэрэгтэй. Эв зүйгээ олох, харилцан ойлголцох шаардлага тэр хэрээр гарч таараа. Та энэ хамтралд ер нь бэлэн байгаа юу?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрүүдийг би хараад л яваад байгаа. Тодорхой тогтоол шийдвэр гаргаж, түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь мэдээж үр дүнгээ өгнө.

Энэ дагуу эрдэмтэд ч шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар утааг багасгах шинжлэх ухааны туршилтуудыг эрчимтэй хийх болсон байна билээ. Ямар ч тохиолдолд энэ нь түүхий нүүрснээс хамаагүй үр ашигтай.

Гэхдээ агаарын бохирдол үүсгээд байгаа шалтгаан нь утааг бий болгогч субъектүүд. Тэгэхээр тэр субьектийг аль болох л багасгах хэрэгтэй. Миний хувьд агаарын бохирдлыг үүсгээд байгаа шалтгаантай нь тэмцэнэ. Нүүрс түлэхийн оронд шууд газ хэрэглэнэ гэсэн үг шүү дээ.

-Нэг нь шалтгааныг нь устгах, нөгөөх нь хэрэглээний өөрчлөлтөөр дамжуулж бууруулах зорилго барьж байна гэж үү?

-Утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж байгаа болохоос биш агаарын бохирдлыг огт байхгүй болгох асуудал биш. Бидний хийж байгаа ажлын үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол гурваас таван жилийн дотор байхгүй болно. Нэг ёсны таван жилийн дараа гэхэд хийн халаагуурыг бүрэн нэвтрүүлж чадаж гэмээнэ Улаанбаатарын агаарын бохирдлыг устана аа гэсэн үг.

-Энэ үг чинь хэтэрхий мөрөөдлийн чанартай юм биш үү. Яагаад гэхээр Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн амьжиргааны түвшинг та мэдэж байгаа байх. Ажилтай орлоготой хүмүүс нь газын системтэй боллоо гэхэд эсрэгээрээ өдрийн хоолоо яаая даа гэж байгаа айл өрхийг яах вэ гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Нэг ёсны тэд газын хэрэглээг нэвтрүүлж чадах уу гэдэг нь их эргэлзээтэй. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор шууд гурваас таван жилийн дотор Улаанбаатарын утааг бүрэн устана гэсэн таны энэ үгэнд итгэх хүн хэр олон гарах вэ гэдгийг хэлэхэд хэцүү юм?

-Зөв ойлгоорой. Агаарын бохирдлыг би ганцаараа шийдэх гээд байгаа юм биш. Мэдээж төрийн дэмжлэг хэрэгтэй. Энэ бол төрийн оролцоотой хийгдэх ажил.

Төрийн амласан амлалт дотор хамгийн нэгдүгээрт “Улаанбаатарын утааг бууруулах” гэдэг зорилго бий. Тэгэхээр өөрийн чинь асуусанчлан төр засгийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Гэхдээ энэ бол хий хоосон амлалт, бардамнал биш.

Нэг ёсны таван жилийн дараа гэхэд хийн халаагуурыг бүрэн нэвтрүүлж чадаж гэмээнэ Улаанбаатарын агаарын бохирдлыг устана аа гэсэн үг.

Монгол Улс олон зуун сая ард түмэнтэй улс орон биш. Гуравхан сая гаруй хүн амтай.

Дээр нь, Улаанбаатар хот маань сая гаруй хүн амтай хот. Тэгэхээр зорилтот өрх маань их биш гэсэн үг. Бид 100 сая, 200 сая хүнийг утаанаас салгах тухай яриагүй.

Гурван сая хүний тухай ярьж байна. Эндээс боломж харагдаж байгаа биз. Гол нь үүний тулд яах аргагүй олон улсын байгууллага, төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Мөн энэ нь боломжгүй зүйл ч биш.

-Энэ хариултаас тань улс төрийн дэмжлэг хүсэх нь гэж ойлгож болох уу?

-Дэмжлэг хүснэ. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Ямар нэгэн улс төрийн зорилгоор хийж байгаа биш гэдгийг баттай хэлье. Миний гол зорилго бол Улаанбаатар хотоо, цаашлаад аймаг орон нутгуудыг утаагүй болгох. Үүнийхээ төлөө тултал ажиллана. Хэлсэн цаг хугацаандаа хүргэхийн төлөө тууштай явна.

-Таван жилийн дараа гэхээр яаж ч сонссон итгэхэд хэцүү санагдаад байх юм?

-Цаг хугацаанд хариултыг нь үлдээе, тэгэх үү хоёулаа. Мэдээж та эргэлзэж болно. Гэхдээ миний хувьд аливаа зүйлийн хариулт болон нотолгоо цаг хугацаанд байдаг гэж боддог. Тийм болохоор таван жилийн дараа хариулж бас болно байх.

-Асуудалгүй. Та сая “Төрийн дэмжлэг хэрэгтэй” гэж хэлсэн дээ. Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх танд болон танай компанид төрийн дэмжлэг шиг өгөөмөр зүйл энэ удаад байхгүй болов уу гэж бодогдоод байна л даа. Наад зах нь, таны төрсөн ах тань УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд. Дээр нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийг бодлогынх нь хувьд удирдаж байгаа. Мөн тус компанийн олборлож буй нүүрсээр “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш хийж эхэлсэн гээд бодохоор таны бизнест ногоон гэрэл ассан гэж хэлж болно байх. Дээр нь, таны төрсөн дүү Д.Дагвадорж Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын хамтын ажиллагааг хариуцсан бие төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ нь яг л бөөн бөөн хүчний бөөгнөрөл гэдэг шиг л?

-Наад асуултад чинь ёстой шулуухан тодорхой хариулт өгчихмөөр байна шүү.

-За?

-Хэдийгээр би ах дүүс ч гэсэн ажил амьдралаа ялгаж салгахтайгаа болсон эр улс. Д.Сумьяабазар, Д.Дагвадорж хоёрын аль аль нь миний хийж байгаа ажилд оролцдоггүй. Би ч тэр хоёрын ажилд оролцож, хошуу дүрээд байдаггүй. Тус тусынхаа зам мөрөөр яваа ах дүүс. Тийм ч болохоор би энэ бизнесийнхээ талаар тэр хоёртой ярьж байгаагүй.

Ярилцах шаардлага ч байхгүй. Нэг ч удаа уулзаж санал солилцож байгаагүй. Би хувь хүнийхээ хувьд өөрийнхөө хүсэл, зорилго, тэмүүлэл, хувь тавилангаараа явж байгаа хүн. Ах дүү хоёр маань ч өөр өөрийнхөө түүхийг бүтээгээд өөрсдийнхөө замаар явж байгаа хүмүүс.

Миний хувьд хэзээ ч манай ах сайд, УИХ-ын гишүүн юм гээд “Миний бизнесийг дэмжээч” гэж гуйхгүй. Дэмжлэг авахгүй. Өөрөө л зүтгэнэ. Тэгээд ч улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн агаарын бохирдлын асуудал дээр яаж улс төрийн өнцгөөс эсвэл нэг хүний эрх ашгийн төлөө ярьж болох вэ дээ.

Яадаг ч байсан агаарын бохирдлыг арилгана гэдэгт баттай зогсоно. Энэ утгаараа энэ асуудлаар уулзах хүсэлтээ Ерөнхий сайдад тавьчихсан байгаа. Би монгол хүн л юм бол энэ асуудлыг шийдэж, ард иргэдээ нүүрсний аюул гамшгаас салгах хүслээ тодорхой хэмжээнд биелүүлж байж хэлэх хариулттай байна шүү дээ.

-Хүмүүсийн санаа бодлыг хязгаарлаж, хайрцаглаж чадахгүй нь тодорхой. Нэг ёсны Долгорсүрэн зааны хөвгүүд гэдэг монгол хүний хувьд бахархалтай ч юм шиг. Та нарыг холбож бодох нь өөрөө та нарын хувь заяа юм уу даа?

-Цаг хугацаа л бүгдийг харуулна. Дагвадорж, Сумъяабазарын хэнтэй ч би энэ асуудлаар яриагүй. Миний одоо явж байгаа замнал, хийж байгаа бүхэн, өдий зэрэгт хүрсэн бүгд л миний л зам. Би хэн нэгнээс дэмжлэг авч, хэн нэгнээс заавар аваагүй, би өөрийнхөө л хувь тавилан, зам мөрөөр явж байгаа учраас хувь хүн гэдэг талаас нь ойлгоосой.

-Энэ компани таны өөрийнх гэсэн үг үү. Гэр бүлийн тань оролцоо байхгүй гэж ойлгож болох уу?

-Байхгүй.

-ЖДҮ-тэй холбоотойгоор нэг онигоо гарсан байдаг юм. “Эхнэрээ танихгүй нөхөр байдаг гэнэ ээ” гэсэн утгатай л даа. Энэ хариулт тань уншигчдад яг ингэж санагдаж болох юм?

-Үнэнийг хэлэхэд манайх бол яах аргагүй хүчирхэг гэр бүл. Гэхдээ гэр бүлийн гишүүд нэгнээ ашиглаж, нэгнийхээ тус дэм, дэмжлэгээр өөдөө гарах тухай ойлголт манай гэр бүлд байдаггүй.

-Хүчирхэг гэдэг таны энэ тодорхойлолт бахархал уу, бардамнал уу?

-Бахархал. Тэр утгаараа хэн нэгнээ ашиглана гэж байхгүй. Бүгд тусдаа өөрийн гэсэн зам мөрөөр явж байгаа.

Би бүх ажлаа өөрөө сэтгэж, гардан гүйцэтгэж, үр дүнг нь үзэх гээд явж байна. Би удирдагч хүн. Тэр утгаараа өөрийнхөө алдаа, оноог өөрөө л хүлээнэ.

Зарим гэр бүл нэгнийгээ дэмжээд, тэтгээд явдаг байхыг үгүйсгэхгүй ч манай гэр бүлийн хувьд хатуухан хэлэхэд маш том зарчим бий. Тэр нь нэг нэгнээсээ тусламж гуйж, нялцганахгүй өөр өөрсдийн зам мөрийг зөв бүтээх.

 

-Зарим хүний хувьд таныг ах дүү хоёрынхоо ард үлдсэн. Бизнесийнх нь арын албыг хариуцдаг гэх мэтээр ярилцдаг нь тэгэхээр худлаа таамаг гэсэн үг үү. Танд энэ тодорхойлолт эмзэглэлтэй санагддаг уу. Жишээ нь, таныг Үндэсний хөрөнгө оруулалттай банкийг нь удирддаг гэх ч юмуу?

-Үндэсний хөрөнгө оруулалтын банктай би хэзээ ч хамааралтай байгаагүй. Бүр анхнаасаа байгуулагдахад нь ч оролцоогүй. Ингэж хариулахаар хүмүүс юу гэж ойлгохыг би мэдэхгүй.

Гэхдээ тэр бүрт би тусгайлан хариулт хэлнэ гэж байхгүй. Цаг хугацааны шалгуурыг туйлын их хүлээн зөвшөөрдөг хүний нэг нь би. Одоогийн ярьж байгаа зүйл маань хэр бодит, үнэн эсэхийг тодорхой цаг хугацаа харуулах болов уу.

-Таны цаг хугацааны шалгуурт батлагдаж, нотлогдоод, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн салбарууд юу байна вэ. Хүмүүст итгэл хэрэгтэй байна шүү дээ?

-Би Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө тодорхой хэмжээгээр зарчим барьж ажиллаж байгаа жирийн нэг төлөөлөл. Тэр утгаараа улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулчих юмсан гэж яваа хүний хувьд хэлэхэд манай компани бол эрчим хүч, дэд бүтцийн компани.

Эрчим хүчний компани дээр суурилаад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахын тулд төсөл дээрээ үндэслэн төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ орших ухаалаг эрчим хүчний бие даасан дулаан хангамжийн системийг нэвтрүүлээд явж байна.

Үнэнийг хэлэхэд манайх бол яах аргагүй хүчирхэг гэр бүл

Миний хувьд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хөгжил дэвшил, техник технологи, шинэ инновациас үргэлж суралцдаг. Гадаад харилцаа хамтын ажиллагаан дээрээ ч их анхаардаг. Заавал ил гараад байхаас илүүтэй чимээгүй амжилттай яваа бизнесмэнүүд олон бий. Хэн юу хийж байгаа нь аяндаа мэдэгдэнэ. Тодорхой хэмжээгээр ард түмэнд танигдаж байгаа төсөл тодорхой хэмжээнд ард иргэдэд ил гарч ирж байна. Энэ нь нийгмийн хөгжил дэвшил, цаг хугацаа нь болж байгаа юм уу даа гэж харж байна.

Заавал улс төрөөр оролдож, улс төр хийж улс орон хөгжиж цэцэглэдэг биш, бизнес амжилттай хийж улс орныхоо нэр төрийг өргөж явж болно гэдгийг Самсунгийг үүсгэн байгуулагч хэлсэн байдаг. Энэ үгийг бий үргэлж бодож явдаг.

Тэр утгаараа ч Япон Улсын хөгжил дэвшилд хүрсэн компаниудтай ойрхон байж, үйл хэргээс нь суралцаад явж байгаа. Өнгөрсөнд явж ирсэн алдаанаасаа ч суралцаж ирлээ.

-Таны өнгөрсөнд алдаа байна уу?

-Байлгүй яах вэ. Бизнес, хувь хүний тал дээр алдаж байсан алдаанууд байгаа. Залуу байсан. Би гэхдээ өнгөрсөн алдаандаа баярладаг. Өнөөдөрт хүргэсэн алдаа гэдэг бол өөрөө тэр чигээрээ амжилт юм. Унаж, босож, тэмцэж, зүтгэж явсаар энд ирж байгаа учраас өнгөрсөндөө талархаж явдаг.

-Та анхнаасаа бизнесийн чиглэлээр явна гэж бодож байсан уу. Хэзээнээс ийн бодов?

-2005 оноос бизнесээрээ явах шийдвэр гаргасан. “Би өөрийн үүсгэн байгуулсан компаниа үндэстэн дамнасан корпораци болгож, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, Монгол эх орныхоо хөгжил дэвшил, мандан бадрал, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө өөрийн бие сэтгэл зүрхээ бүрэн зориулж дайчлан ажиллахад оршино.

Мөнх тэнгэрийн хүчин дор. Алтан нарны ивээл дор. Хөрст этүгэн дэлхий эхийн хэвлий дээр. Агуу их сүр хүч орших болтугай” хэмээн 2008 онд бичиж байсан. Түүнийгээ одоо ширээн дээрээ жаазлаад тавьчихсан байгаа. Энэ үед зөн совин мэдрэмж хүчтэй төрж байсан.

Монгол Улс маань дэлхийн агуу хүчирхэг гүрэн байснаа өчүүхэн жижиг болтлоо бууран доройтоод одоогийн нөхцөл байдлаасаа яагаад дээшлэхгүй байгаа юм бэ гэдгийг өөрөөсөө асуусан. Тиймээс өөртөө шийдвэрээ гаргаад одоогийн улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах гэсэн том зорилгыг асааж өгсөн юм.

-Хүмүүс тийм алдаанаас сургамж аваад, тэр хүний хэлсэн үг хүчтэй үлдэж сургамж аваад гэх мэт ярьдаг. Та үүнийг бичиж тавина гэдэг нь зөвхөн урт хугацааны бодлоос гадна хүнд агшин тухайн үеийн мэдрэмж гэж байна. Бизнес хийж байтал ашигтай учраас хүрсэн байдаг ч юм уу. Үндэстэн дамнасан корпораци болох зорилгыг одоо цагт зүгээр нэг хөөрүү байдлаар хэлдэг биш болчихлоо. Монгол бизнес тодорхой туршлагатай болчихсон байна. Энэ үүднээс сонирхож байна. Ингэж бичих гэсэн шалтгаан нь юу байсан бэ?

-Энэ үе бизнесийн уналтад орсон. Хамгийн хүнд үе байсан. Америкийн эдийн засгийн хямралын улмаас манайхтай гадаад хамтын ажиллагаатай компаниуд дампуурч эхэлсэн. Би ч мөн хүнд байдалд орсон.

Бүх бизнесийн туулдаг л жам учраас босож, сэхэх хэрэгтэй болсон. Хичээх хэрэгтэй болсон. Би түүхт айлын хүү, түүхэн гэр бүлийн дунд өссөн. Би өөрөө түүхч хүн. Аав маань Монгол Улсын заан, ихэнх хүн бөх гэдэг утгаараа хардаг болохоос түүх талаасаа төдийлөн сайн мэддэггүй байх.

Аав маань Сайн ноён хан аймгийн Элдэн бээлийн хошуу буюу хуучнаар Цогт хунтайжийн хойч удмын цустай хүн.

Миний ээж Өөлд хүн. Зүүн гарын хаант улсыг үүсгэн байгуулж байсан Цорсын Баатар хунтайжийн хүү Галдан бошигт хааны удам гэж хэлэхэд хэцүү юм. Тэр талын хүн. Тэр утгаараа Сумъяабазар, Давгадорж бид нар Монголын түүхэн дотор өссөн.

“Зүрхний хилэн”, ‘Амарсанаа” гээд түүхтэй холбоотой номнуудыг багаасаа уншиж өссөн. Тэр утгаараа монгол эх орон, халуун эх оронч гэдгийг нэгдүгээрт тавьдаг. Бидний ярилцах сэдэв бол түүх байдаг. Газрын зурган дээр ярилцаж сууж байгаад Зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэрийг ярьдаг. Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг ярьдаг. 1921 оны ардын хувьсгалыг ярьдаг.

Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал зэргийг нэг бүрчлэн сэтгэл тавьж, аль болох өөр өөрийн талаас эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Үүнээс биш гэнэт байж байгаад хүчтэй цочролд ороод ч юм уу зорилгоо бичээгүй. Зорилго маань бага наснаас байсан. Явсаар байгаад 2008 онд бичих шалтгаан гарсан.

Эрээнд очоод шүлэг бичсэн. Дорноговийн урд хэл залгаа өмнө нь манай нутаг байсан нутагт очоод түүхийн хатуу цаг хугацаагаар одоогийн байдлаар тогтсон газар нутаг учраас ер нь очсон газар бүрт холбогдох Монголын түүхээ бодож явдаг.

Би угсаатны зүй судлаач, түүхч хүн. 2009 онд бизнесээр сурч байсан. Түүх гэдэг бол өнгөрсөн цаг хугацааны алдаа оноо. Өөрийнхөө түүхийн алдаа оноог дүгнэж, сургамж авдаг. Үнэхээр гайхалтай.

-Угсаатны зүй, түүхийн чиглэлээр та ямар нэгэн үлдэх бүтээл, дурсгал юу байдаг юм нэг зүйл хийх бололтой. Тийм үү?

-Хийнэ ээ. Агуу их өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн түүхийн холбогдолтой эд зүйлсийг сэргээх, Чингис хааны ууган хүү Зүчийн бунхныг сэргээх юм сан гэсэн их бодол байдаг. Монгол хүн байна даа хэзээ нэгэн цагт сэргээнэ гэж боддог. Босгох л ёстой юм байгаа.

-Хаана босгох вэ?

-Казакстаны нутаг дэвсгэрт оршиж байгаа. Монголоосоо яаж ийгээд өөрөөсөө ч юм уу санхүүжилтийг нь босгоно доо. Гэх мэтчилэн хүний нутагт байгаа өвөг дээдсийнхээ үлдээсэн шарил бунхнуудыг сэргээх асуудлыг сэтгэлдээ үргэлж бодож явдаг.

-Гэхдээ хүний нутагт байх нь хамаагүй гэж үү?

-Бид нэг дэлхийд амьдарч байгаа. Монгол гэдэг дэлхийд омогшуулж байгаа нэрийг гаргаж өгсөн, монгол цусанд оршиж байгаа өвөг дээдсийнхээ унасан газар, угаасан усыг л сайхан хадгалж, нандигнаж, дээдэлж, дараагийн үр хойчдоо үлдээх нь л хамгийн чухал шүү дээ. Яах вэ дээ бусдын техник технологийг шүтэж амьдрах тохиолдол байх л юм. Гэхдээ биднийг монгол хүн гэдгийг бусдад таниулах, ойлгуулах, харуулах зүйл чинь л түүх байна. Бидний түүх бол Монголын түүх бол дэлхийн түүх.

Хүний нутагт байгаа өвөг дээдсийнхээ үлдээсэн шарил бунхнуудыг сэргээх асуудлыг сэтгэлдээ үргэлж бодож явдаг.

-Таныг нээрээ шүлэг бичдэг гэж сонссон юм байна?

-Нэг л удаа бичсэн юм. Өөрийн нутаг хүнийх болсныг хараад л сэтгэлдээ нутгаа хайрлаад, санаад л бичсэн юм уу даа.

-Одоо тус шүлгээ санаж байна уу. Тэмдэглээд авсан уу?

-Нэлээн хайвал байгаа л байх. Шүлэг ч гэж дээ. Энэ маань гурван сая хүнтэй 1.6 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай бид газар нутаг дээрээ эзэн шиг эзэн болж, бие биеийгээ дэмжиж хүлээцтэй байх туйлын шаардлагатай. Яах вэ урт цаг хугацаанд бие биедээ хатуу үг чулуудах, уурлах үе бишгүй дээ л байх юм. Гэхдээ үүнийг аль болох өвгөдийн мундаг ухаанаар шийдвэрлэж, биедээ хүлээцтэй хандаж, тэвчиж байж бусад улсуудтай зэрэгцэж явах болов уу.

-Хүмүүс Д.Дагвадорж аваргын зан төрх байдлаас хараад танайхныг нэг л их ассан, оргилсон хүмүүс байдаг болов уу гэж ойлгодог. Тэр ассан сэтгэгдэл таны тухайд бол хувь хүний хувьд бус зорилго, тэмүүлэлд тань байдаг юм болов уу гэж санагдлаа?

-Ассан сэтгэл гэдгийг хүмүүс янз янзаар ойлгож байна. Харахгүй юу. Цаг хугацааны дараа л эргээд уулзъя. Ассан гэдэг бол улс орны нөхцөл байдал, нийгмийн бухимдал дээр Дагвадорж маань нийгмийн дуу хоолой болоод явж байгаа хүний хувьд дутагдалтай, ямар нэгэн зайлшгүй болохгүй байгаа зүйл дээр сэтгэлийнхээ илэрхийллийг шууд харуулдаг учраас хүмүүст тэгж харагддаг байж болох.

Эцсийн бүлэгт тэр хэлээд байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө алдаатай хүмүүс болж байгаа.

-Таны сэтгэлийн илэрхийлэл тэгэхээр яаж илэрдэг вэ. Нүүрэн дээрээ биш байх нь ээ?

-Залуу байхад ассан гал шиг явах үе байсан. Одоо тэрийгээ залгиж чаддаг болсон. Хийж байгаа ажил, үйл хэргээрээ ассан байдлаа илэрхийлэх нь чухал юм аа гэдгийг ойлгосон насан дээрээ л явж байна даа. Ирлэсэн хутга шиг л байна шүү дээ. Цавчаад байхаас илүүтэй үргэлж иртэйгээ байдаг. Өөрөөр хэлбэл, хийвэл хийсэн шиг хийдэг, зорилгодоо хүрвэл хүрсэн шиг хүрдэг тийм л нас юм байна гэж харж байна.

-Тийм зоригоор утааны асуудлыг шийдчихвэл хэн хүнгүй л талархана байх. Мэдээж үр дүнд хүрвэл шүү дээ?

-Энэ асуудлыг бид л шийдэхгүй бол өөр хэн шийдэх вэ. Дандаа л бусдын зээл тусламж, бусдын юманд дулдуйдаж амьдарна гэдэг бол өөрөө утгаа алдана. Энэ улс чинь өөрсдөө сэтгэж хөгжиж дэвшиж, өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдсэнийхээ дараа бусдад туслах нь улс орны л явдаг жам ёс. Тиймээс бид одоо л хийх ёстой.

-Цаг хугацааны дараа гэдэгт хариултыг түрүүлж авах гээд байна. Таныг утааг бууруулчихвал УИХ-ын гишүүн болгоё гэх сонгогч гарч ирж мэдэх юм. Энэ асуулт танд хөнгөн маазрал мэт санагдаж болох ч цаад утгаараа тандалт гэдгийг ойлгоорой?

-Манайх чөлөөтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас бүгд л улс төрд орохыг хүсэж байна. Хийж бүтээе гэж зорьж яваа залуус ч байна. Тэдний нэг гэж зарим нэг нь харж байгаа бол би утаагаар улс төр хийгээд хүний амь нас эрүүл мэндээр шоудаад яваад байх хүн мөн үү, биш үү. Тийм юм байхгүй ээ.

Зүгээр л өөрийнхөө зорилгыг биелүүлээд улс орноо утаа өөр бусад төрөл бүрийн орчны бохирдол гээд шийдэх олон асуудлыг шийднэ дээ. Дэд бүтцийн ажил зөвхөн агаарын бохирдлыг шийдсэнээр хязгаарлагдахгүй.

Бохирын цэвэрлэх байгууламж, хог боловсруулах үйлдвэр, орчны бохирдол, гэр хорооллын дэд бүтцийн асуудал, гадна жорлонгийн асуудал гээд бүх асуудал руу зайлшгүй орох шаардлагатай болсон. Шинээр хот байгуулж болох ч өмнөх үүсээд байгаа асуудлуудаа шийдэж байж л дараагийн хотын асуудлаа ярихгүй бол дахиад л бөөн асуудал үүснэ. Улаанбаатар хотын асуудал шийдэгдээд ирэхээр Дархан, Эрдэнэт гээд сайхан болно.

-Ийм дэд бүтцийн хүндрэлтэй асуудал дундаас та ашгаа яаж төлөвлөж байгаа вэ. Ямар ч байсан бизнес шүү дээ?

-Бизнес, нийгмийн хариуцлага, ухамсар гээд бүгд давхцаж байна. Эдгээрийг нэгтгэсэн ойлголттой явж байна. Зөвхөн бизнес гэж харахад хэцүү. Дан нийгмийн хариуцлага гэхэд хэцүү. Тэгэхээр дээрх гурвыг цогцлоосон үйл ажиллагааг явуулж байна. Олон улсын байгууллагаас дэмжлэг авах гээд явж байна.

Төрийн дэмжлэг авах гээд зүтгэж байна уу, зүтгэж байна. Тоног төхөөрөмж оруулж ирж байна уу, ирж байна гээд энэ бүхнийг нэгтгэж цогцлоосон ажлыг хийгээд явж байна гэж харж байна.

-Та төлөвлөхгүйгээр юм хийхгүй хүн байна. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд ч юм уу хэзээ үндэстэн дамнасан корпораци болох вэ?

-Үндэстэн дамнасан корпораци байгуулчихлаа гэхээс илүү миний амьсгалж байгаа цаг хугацаагаар л хэмжигдэх байх. Сайн хэлж мэдэхгүй юм. Би тэмцэх дуртай. Тэмцэгч хүн. Амьдрал тэр чигээрээ л тэмцэл учраас насан туршдаа л зүтгэх байхдаа гэж бодож байна.

-Яг үнэндээ энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе гэтэл асуух гэж бэлтгэсэн асуултууд үлдчих гээд байх юм. Хоёулаа үргэлжлүүлээд ярилцах уу. Жишээ, нь таны нохой зодооноор хичээллэж байсан тухай гээд нэг мөсөн ярилцчихмаар байдаг?

-Үргэлжлүүлээд явахад асуудал алга. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой манайхан л нохой зодоон гэж яриад, бичээд байдаг болохоос бус тэр чинь мэргэжлийн бөх шүү дээ. Манайхан одоо энэ нохой зодоон гэдэг яриагаа бүр болих хэрэгтэй.

Би анх 2001 оноос Япон мэргэжлийн бөхөөр хичээллэж эхлээд 2005 он хүртэл барилдсан. Энэ хугацаандаа буюу 2004 оны сүүлчээс өөрийнхөө компанийг байгуулж, ер нь бол бизнест орох бэлтгэлээ хийсэн. Яг үнэндээ Японд очиж мэргэжлийн бөхөөр барилдах нь хувь хүнийхээ хувьд таньж мэдэх, өөрийнхөө чадварыг сорихын зэрэгцээ өөрийн хүрээллийг нэмэх, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ хүрээг өргөтгөх байсан. Би тэр зорилгодоо ч хүрч чадсан.

Яагаад гэхээр миний өнөөдрийн бизнесийн хамтрагчид, манай компанийн гадаад харилцаа хамтын ажиллагааны суурь яг үнэндээ тухайн үед, мэргэжлийн бөхөөр барилдаж байх үед тавигдсан. Тэгэхээр би зорилгодоо хүрсэн болж таарч байгаа биз.

-Давхар давхар зорилго агуулж очоод, тэрхүү зорилгынхоо аль алийг нь биелүүлсэн байх нь. Тийм үү?

-Ерөөсөө тэр л дээ. Үндэсний бөхөөр барилдаж, улсын начин цолтой болчихсон байхдаа би дараа дараагийн зорилго юу байх вэ гэдгээ бодож байсан. Ингэхдээ ер нь Японд оч иж суралцах ёстой юм байна.

Гуравдагч хөрш орны хөгжил дэвшлээс суралцаж, өөрийгөө хөгжүүлэх цаг болсон байна гэж бодох болсон. Яагаад гэхээр тэнд би жинхэнэ утгаараа том орон зайд сэлж эхэлсэн. Яг л жижигхэн завьтай хүн далайд гарахтай адил байсан бол Японд очсоноор том хүлэг онгоц дээр гарсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Тэндээсээ дараа нь Америк явсан. Аливаа зүйл цаг хугацаатай.

Хүн нэг байрандаа байгаад байхаас илүүтэй өөрийгөө сорьж урагшилж, аливаа сорилтод бэлэн байж сурах хэрэгтэй. Дэлхий рүү гарах зорилго тавиад Японд очсон зорилгоо биелүүлсэн хүн чинь цаашаагаа шат ахиж, нүд тайлахын тулд капиталист нийгмийн ёс, дүрэм журамтай танилцах сонирхол дахиад л төрсөн.

Тэр сонирхолдоо хөтлөгдөөд дахиад явсан. Үүний дараа харин ёстой жинхэнэ утгаараа эх орондоо хийхийг хүссэн зүйлээ хийх хэмжээний тэнхээтэй болсон юм болов уу гэж санадаг.

Бод л доо, Японд тэгж мэргэжлийн бөхөөр барилдах хугацаандаа би тус улсын улс төр болон бизнес, нийгмийн салбарын маш бат бөх итгэлтэй хүрээллийг бий болгож чадсан байх жишээний. Тэр бүхнийхээ хүчинд өнөөдрийн байр суурийг бий болгосон гэхээр миний явах шийдвэр зөв байсан байх нь ээ дээ.

-Гэхдээ аав тань улсын заан. Тэр утгаараа үндэсний бөхөөрөө цол нэмэх зорилго байгаагүй гэж үү?

-Аливаа зүйл өөрийн хэм хэмжээ, цаг хугацаатай байдаг. Мэдээж, спортын бэлтгэлийг бол би одоо ч тогтмол хийдэг. Энэ чинь өөрөө нэгд эрүүл мэнд. Хоёрт миний хүүхэд бага наснаасаа хийж дадсан зуршил. Тэгэхээр спорт миний хувьд одоо бол хобби болсон. Нэг ёсондоо зорилго биш гэсэн үг.

Нөгөө талд хүч чадал, спортод зарцуулах хүч энергийн хувьд би ах дүү хоёрынхоо энд арай хүрэхгүй байсан. Ер нь бол хүн аливаа нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй сохроор өөрийгөө хөөрөгдөж болохгүй. Тиймээс би өөрийнхөө зам мөрийг сонгосон. Мэдээж үндэсний бөхөөр үргэлжлүүлээд барилдсан бол цол нэмэх боломж байсан байх.

Гэхдээ одоо тэр тухай бодох нь утгагүй байхгүй юү. Нэгэнт орхисон бол орхисон. Гол нь, тэр үед дэлхийд гарах, Японд суралцах, япон хүний бий болгосон хөгжлийн нууцыг мэдэх зорилго тавьсан маань алдаа болсонгүй. Энэ л чухал.

-Нэг ёсны зөв цагтаа зөв газраа байсан гэсэн үг байх нь?

-Яг наадах чинь л байхгүй юү.

-Сонирхолтой нь “элдэвтэй хүн” гэдэг шиг таныг уран зураг сонирхдог, өөрөө зурдаг гэж сонсож байсан?

-Багаасаа зурдаг байсан. Тэр дундаа хөрөг зураг зурдаг. Морь бас их зурна. Гэхдээ сүүлийн үед амжихаа байгаад байна. Яг үнэндээ залхуурах ч завгүй болчих юм байна ш дээ, ажил ажил гэсээр байгаад. Ер нь тэгээд хөгжил дэвшил гээд хүрз бариад явж байгаа хүн чинь яаж зураг зураад гүн ухаанд автаад сууж байх вэ дээ.

-Харамсалтай хэрэг. Уг нь их гоё хобби байж?

-Гэхдээ шинэ хоббитой болсон маань инноваци, хөгжил дэвшлийн тухай судлах юм уу даа. Тэр чиглэлийн ном их уншина. Энд тэндхийн туршлага их судална. Ер нь бол надад яг өнөөгийн Монголын нийгэмд асар их боломж байх шиг санагддаг.

Хөгжих боломж одоо л жинхэнэ утгаараа гарч ирж байна уу гэж бодогддог. Маш их сонирхолтой цаг үе. Нэг ёсны нийгмийн хөгжил бүхлээрээ миний хобби болчихоод байна л даа. Улс орноо яаж хөгжүүлэх вэ, хүндрэлийг яаж шийдэх вэ гэх мэт сэдвээр их бодно. Ийм сонирхолтой, боломж ихтэй цаг үед ажиллаж, амьдарч байгаа маань надад их сонирхолтой санагддаг.

-Ном, ном гэж хэд хэлэхийг бодоход ном харин сайн уншдаг бололтой. Тийм үү?

-Хаа очиж ёстой ном бол байнга уншина. Тэр дундаа түүхийн холбогдолтой ном их уншина. Дээр нь, нэг уншсан номоо дуусгаад орхино гэж байхгүй. Байнга эргүүлж, тойруулж задалж уншина. Тэр хэрээр бас бодол болно оо.

-Та түрүүн ах, дүү хоёртойгоо бизнес ярьдаггүй гэсэн. Харин аав, ээж хоёртойгоо бол ярих уу?

-Ээж аав хоёртой юу гэж ярих вэ дээ. Тэр хоёр ч нэг их сонирхоод байдаггүй. Хааяа л “Миний хүү юу хийж байна. Их сайхан юм хийж байгаа юм байна даа” гэж сэтгэлээрээ дэмждэг. Ээж маань гэхдээ өөрөө Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Бас л их завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Миний ээж чинь их мундаг дайчин. Хэзээ ч хойшоо сууж шантарна гэж байхгүй. Хүндрэл бэрхшээл гарлаа гэхэд тэр бодит байдлыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Заавал тэмцэж, зүтгэж байгаад даваад гарчихсан л байдаг.

-Аав тань бол?

-За даа, манай аав чинь харин ёстой л нэг сайхан аав шүү. Хөдөө гадаа их явна. Мал ахуйгаа эргэж тойрно. Намайг хүүхэд байхад аав амьтай хүүхэд гэдэг байлаа.

-Мэдээж ямар ч хүнд аав ээжийнхээ тэнхлүүн сайхан өтөлж байгааг харах шиг сайхан зүйл үгүй. Зөвхөн төрсөн хүүхэд нь гэлтгүй алс холын хэн ч болов настан буурлуудыг хараад баярлаж, бахархах сэтгэгдэл төрдөг дөө?

-Нас явахаар гэх үү, сэтгэл хөдлөөд гэх үү ер нь бол аль болох аав, ээж хоёроо баярлуулахыг хичээдэг. Байнга л сэтгэлд тэр хоёр маань юу хийж байгаа бол, хаагуур яваа юм бол гэж бодогддог болдог юм байна. Ануухан сайхан өтөлж байгааг нь харахаар бас баярлах, бахархах сэтгэл төрнө.

Гэхдээ их сонин. Аав ээж хоёр маань бас л бид нар шиг хүнээс тусламж, дэмжлэг гуйна гэж байхгүй. Бид нараас ч гэсэн адилхан. Өөрсдөө л зүтгээд байх янзтай. Ер нь бууж өгөхгүй шүү. Ерөөсөө хэн нэгнээ ашиглах, туслуулах гэдэг ойлголт манай гэр бүлд анхнаасаа байгаагүй шиг байгаа юм. Аав ээж хоёрын занг хараад байхад яах аргагүй өөрсдийгөө харж байгаа юм шиг санагдах юм билээ.

-Гэхдээ Д.Сумьяабазар гишүүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд та дэмжлэг үзүүлж, эргэж тойрч оролцоно биз дээ. Сонгуулийн үер нэр дэвшигчдийн гэр бүл бүхэлдээ хөдөлгөөнд орсон харагддаг?

-Миний хувьд тийм юм байхгүй ээ. Манай Сумьяабазар их сайн зохион байгуулагч, улс төрийг сайн хийж байна. Ер нь их мундаг. “Алив ахдаа ингэж тусал” гэж ерөөсөө хэлж байгаагүй. Ганц нэг удаа ёстой сонгуулийн сурталчилгааных нь үед очиж би хоол идээд л явсан байх. Бүгд бие даасан өөрийн гэсэн зорилго зарчимтай.

Нээрээ манайхан их сонин шүү. Түрүүн хэлсэн хүчирхэг гэр бүл гэдэгт л энэ хандлага хамаараад байгаа юм л даа. Энэ нь нэг талдаа спортоор багаасаа хичээллэсэнтэй холбоотой байж магадгүй гэж хаяа бас санагддаг.

Хүүхэд байхад бол яаж гэрээ дэлбэлчээгүй өсөж том болсон юм бэ гэж боддог.

Хүүхэд байхад бол яаж гэрээ дэлбэлчээгүй өсөж том болсон юм бэ гэж боддог. Бүгдээрээ дор бүрнээ хаан болж тоглоно. Гэрийнхээ гурван талыг эзэлж, нэг нэг хаан болно. Сандлаа доош нь харуулж тавьж байгаад л дээр нь суучихна. Тэр дурсамж сэтгэлд их тод үлдсэн байдаг. Энэ бол манай Д.Сугаррагчаа ах, Сумъяабазар бид гурвын дурсамж л даа. Дагваа маань бага байсан.

Гэхдээ хааяа бужигнуулж тоглодог ч гэсэн бид сахилгагүй хүүхдүүд байгаагүй юм шүү. Бүгд тэргүүний сурагчид байлаа. Спортоор багаас хичээллэхээр хувь хүний хувьд жинхэнэ суурь болдог юм байна лээ.

Аав үндэсний бөхөөр хичээллэдэг болохоор аав шигээ бөх болох юмсан гэж бодно. Улсын том цолтой бөхчүүд бүгд манайд ирнэ. Харж биширч, хүндэлж явдаг хүмүүс маань тэд байсан болохоор хүүхэд байхдаа бол ирээдүйгээ өөрөөр төсөөлж бодож байгаагүй байсан юм шиг санагддаг.

-Гэхдээ гэр бүлийн нэг адилтгал холбоо бол байна биз дээ. Хэдийгээр бие даасан чанартай ч гэсэн та нарыг нэгтгэдэг нэг үнэт зүйл яах аргагүй байж таараа. Мэдээж ах дүү гэдгээс гадна эрхэм чанар байж болно шүү дээ?

-Ёстой жинхэнэ утгаараа халуун эх оронч үзэл бол биднийг холбодог хамгийн том холбоос. Хааяа уулзаж суухаараа эх орныхоо тухай, түүх соёлын талаар, газар орны талаар гээд ярилцана. Энэ чиглэлээр мөн тодорхой ажил хийж бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой гэдгээ түрүүн хэлсэн маань зөвхөн миний үнэт зүйл бус манай гэр бүл, ах дүүсийн маань үнэт зүйл, мөн чанар, сонирхол юм даа.

-Ганц охин дүүтэй гэдгийг тань мэднэ. Ах нарынх нь зан чанар бас байх юм уу?

-Ер нь бол манайхан их энгийн хүмүүс. Яг л нэг зангаараа. Манай эмэгтэй дүү гэхэд ер нь бол бид нараас ялгаагүй дээ. Бас л бусдын дэмжлэг авна гэж байхгүй. Багаасаа бие даачихсан.

Манай эмэгтэй дүү бас хүний дэмжлэг авах гээд явдаггүй. Бас л их бие даачихсан. Д .Ичинноров маань бид нараас тусламж аваад байхааргүй бие даасан эмэгтэй. Өөрийнхөө бодлыг зөв гэсэн бол өөрийнхөө бодлоор л явна.

Жишээ нь, би Сумъяа ахыг хамгийн шударга зоригтой барилдсан бөх гэж хүндэлдэг. Ардын хувьсгалаас төрсөн олон аварга байна. Гэхдээ Их Монгол Улсын 800 жилийн түүхэнд төрсөн наймхан аваргын нэг нь миний ах гэж бодохоор маш их бахархдаг.

Бидний мэдэж байгаагаар зуун жилийн өмнө Лувсанжамбаа аварга, 1206 оны Онон мөрний хөвөөнөө Тэмүүжинд Чингис хаан цол олгож, Их Монгол Улсын далай хаанаар өргөмжлөхөд дүү Бэлгүүдэй нь төрүүлж байсан түүхтэй. Ийм сайхан түүхт зуу, зуун жилд төрдөг, төрсөн найман аваргын наймдах аварга гэхээр миний хувьд их бэлгэдэл дэмбэрэлтэй.

-Харин Аса аварга бол гайхамшиг уу, таны хувьд?

-Гайхамшиг байлгүй яах вэ. Myндаг л гэж боддог. Дэлхий ертөнцөд Асагаар л монголчуудыг төлөөлүүлж байна. Тэгэхээр гайхамшиг мөн биз. Дүүгээрээ бахархдаг. Ийм гэр бүлийн нэг гишүүн байна гэдэг бас их аз. Ер нь бодохоор багш нарын тухайд ч гэсэн би их азтай хүн.

-Багш нараасаа нэрлэ л дээ?

-Монгол улсын хэл бичгийн ухааны доктор, профессор Чой. Лувсанжав багш чинь миний багш. Би бүр гарынх нь шавь. Багшийнхаа хүчинд би монгол бичгээр бичиж, зурж сурсан.

-Каллиграфиар бас бичих үү?

-Бичнэ ээ. Сүүлийн үед үндэсний хэл бичиг сэргэж байгаад баяртай байгаа. Төрийн бичиг болоосой ч гэж хүсдэг. Босоо монгол хэл бичиг байхгүй болсноор хүмүүсийн хэл яриа маш муухай түг таг болсон.

Монгол бичиг бол бидний дархлаа. Авиа зүй чинь явсаар байгаад монгол хэл бичгийг бий болгосон. Мянган жилийн түүхтэй босоо монгол бичгээр бичдэг ганц тусгаар тогтносон улс Монгол. Тэгэхээр бахархаж баярлаж явдаг.

Багш маань Б.Ринчен багшийн яг гарын шавь нь байсан хүн. Багшид маань “Монгол бичгээ төрийн бичиг болгоод авбал энэ насны минь үйлс, зорилго маань биелнэ” гэж захиж байсныг багш маань надад бас хэлж байсан.

Монгол улсын хэл бичгийн ухааны доктор, профессор Чой. Лувсанжав багш чинь миний багш.

Тэгэхээр багшийнхаа мөрөөдлийг биелүүлчих юмсан гэж бас боддог. Дээр нь, монгол бичгийн тэр гайхамшигтай яруу тунгалаг уянгалаг чанар нь ердөө л ерөөл магтаал, бөхийн цол чимэг, морины цол чимэг дээр үлдсэн байгаад харамсдаг. Өөр хэрэглээ алга. Монгол хэл бичгийг судлаад байх тусам үг зүй, авиа зүй, найруулга зүй нь усны урсгал шиг ямар сайхан тунгалаг яруу байдаг юм бэ гэдэг нь аяндаа мэдрэгддэг.

-Та одоо ч гэсэн судалдаг хэрэг үү?

-Цаг заваа зохицуулаад харна аа. Манайхан ер нь бол энэ кирил бичгээр дамжиж орж ирсэн ба, бөгөөд болон гэх мэт сул үгийг хэт их хэрэглэхээ болмоор байгаа юм. Багш маань бид нарт “Уул надад харагддаг” гэж бичих буруу. Уул чамд харагддаг биш уулыг чи харж байгаа юм гээд утга найруулга дээр ийм алдаа гаргаж болохгүй гэж заадаг байлаа.

Элдэв сул үг хэрэглэхгүй нэг өгүүлбэр бич гэдэг даалгавар өгнө. Япон хэлэнд хүндэтгэлийн үг их. Монгол хэлэнд орчуулагдахааргүй тийм гоё үгнүүдтэй. Тэгэхэд манай бичгийн хэлний үг хэллэг япон хэлнээс ч илүү уран тансаг, утга найруулгын хувьд үнэхээр агуу. Ямар мундаг бичиг соёлын түүхтэй ард түмэн бэ гэдгийг харж болно.

-Та тэгвэл албан бичгээ өөрөө хянадаг, боловсруулдаг болж таарах нь ээ?

-Өө, сайн харна. Албан бичиг төлөвлөлт дээрээ өөрөө сууна. Тэрийг чинь сурч, багш нараасаа сонсож явлаа шүүдээ. Сурсан эрдэм гэдэг хэзээд хэрэг болдог л юм байна. Өө, ингээд яриад байсан чинь нөгөө ганц бичсэн шүлгийнхээ мөрийг санаж байна шүү.

-Сонсъё?

-Сайхан Монгол эх оронд чинь
Сайхан бүхэн бий...
дөрөв, дөрвөөрөө ороод ирсэн. Амьдралдаа анх удаа л тэгж шүлэг зохиосон. Ер нь бол нэлээн толгой холбож ярина аа. Манай аавын талынхан дээр нь их шооч, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс.

-Та бас хошигнох уу?

-Хошигноно.

-Харин уурлаж ундууцахуйн тухайд?

-Яг үнэндээ ажил их болоод завгүй болоод ирэхээр чинь уурлах ч цаггүй болчихдог юм байна. Залуу байхад хааяа бухимдах үе гардаг л байсан. Одоо бол ер нь ховор болсон. Худлаа ярьж байгаа юм биш. Миний хувьд уурлах нь их ховор. Хааяа нэг ааш гаралгүй л яах вэ. Гэхдээ хүлээцтэй, тэвчээртэй байсан цагт цаг хугацааны явцад хождог гэдгийг ойлгосон байна л дээ. Энэ чинь өөрөө тууштай зан байхгүй юу. Ер нь их суралцаж байна л даа.

-Таны яриаг сонсоод байхад ёс заншил талдаа та харин хуучинсаг хүн бололтой юм?

-За тэр ч ёстой үнэн байх шүү. Аль болох ёс заншлаа барихыг хичээдэг. Удам дамжсан бөх хүний гэр бүл гэдэг бас их онцлогтой. Дээр нь, угсаатны зүйгээр суралцсан маань бас их нөлөөлөх шиг болсон.

Сонирхуулахад сүүлд гэхэд энэ жилийн наадмынхаа дээлнийхээ загварыг би өөрөө гаргаж, эсгүүрэн дээр нь ингэ тэг гэж хэлж байж оёулсан. Ер нь дандаа яагаад манжийн үеийн загварын дээл өмсөх ёстой юм гэж бодож байгаад XIV зууны үеийн монгол дээлнээс санаа авч хийлгэсэн гээд бодохоор нээрээ л ёс заншил талдаа би хуучинсаг хүн байх нь л дээ.

-Та түрүүн гэхдээ “Зураг зураад гүн ухаан бодоод явах зав алга” гэсэн ч яг үнэндээ дотогшоогоо их боддог хүн юм шиг санагдлаа. Ярилцлагын төгсгөлд дүгнэлт хийхэд шүү дээ?

-Дотогшоогоо бодно бодно. Зураг зурж суух завгүй л болсноос бус нээрээ бодох, тунгаахын тухайд бол байнга л бодох болсон байна лээ. Тэрийгээ утсан дээрээ бас тэмдэглэнэ ээ.

-Сонирхоод сүүлийн тэмдэглэлийг тань харж болох уу?

-Нэлээн л илэн далангүй ярилаа даа, тийм ээ. Асуусан болохоор тань сонирхуулж байгаа юм шүү

“Үнэгүй бүхэн ядууралд хүргэнэ
Үнэт зүйл ирээдүйд хөтөлнө..." гэсэн үгийг сүүлд бичсэн байна.

...энэ мэт сонирхож уншсан түүний тэмдэглэл олон байсан ч цаг хугацаа болоод зай талбайн хувьд хязгаарлалтаа бодоод өндөрлүүлэх шаардлагад бууж өгснөөр бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөв.

Зураг