Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Манлай суманд "Оюу Толгой"-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх хоёр үйлдвэр шинээр нээгдлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн Манлай суманд Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх үйлдвэрүүдийн нээлт боллоо.

“Их Шанхын Дугант” болон “Ханбогд Индастри” компаниуд үйлдвэрээ нээснээр суманд нийт 64 ажлын байр бий болж байна.

Тус компаниуд гурван жилийн гэрээ байгуулснаар Манлай сумаас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн нийлүүлэх анхны ханган нийлүүлэгчид болж буй юм. “Их Шанхын Дугант” компанийн үйлдвэр жилд 60,000 баяжмалын уут, харин “Ханбогд Индастри” компанийн үйлдвэр жилд нэг удаагийн 150,000 хамгаалалтын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай билээ. 

“Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” стратегийнхаа хүрээнд орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймгийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулсан. “Их Шанхын Дугант” болон “Ханбогд Индастри” компаниудтай мөн энэ хүрээнд хамтран ажиллах болсон билээ. 

Түүнчлэн үндэсний бизнес эрхлэгчдийн чадавхыг дэмжих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Оюу толгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын санхүүгийн корпорацийн хамтран байгуулсан Бизнесийн инноваци хөгжлийн төвийн сургалтад тус компаниуд хамрагдсан байдаг.

Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир, “Оюу толгой” компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экерсли тэргүүтэй төлөөлөл оролцсон билээ.  

 Өмнөговь аймгийн Ханбогд суманд үерийн усны далан барих ажил эхэлж байна
 

Мөн энэхүү үйл явдалтай давхцан Өмнөговь аймгийн Ханбогд суманд үерийн усны далангийн шав тавих ёслол болсон юм.

Үерийн даланг “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтаар барих юм. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” жил бүр таван сая ам.доллартай дүйх санхүүжилтийг орон нутгийн тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтын төслүүдэд зориулдаг. Тус сан 2015 оноос хойш өнөөг хүртэл 45.2 тэрбум төгрөгөөр 83 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байна. 

 

 

  • “Оюу толгой” компани 2019 оны эхний хоёр улирал 735 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 513 нь үндэсний компани байсан юм. Ингэхдээ үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулсан.
     
  • 2010-2019 онд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан.
     
  • 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн 71 ханган нийлүүлэгч Оюу толгойд бараа үйлчилгээ нийлүүлэв. 2010-2019 онд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 472 сая ам доллар зарцуулсан. 
     
  •  “Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” стратегийнхаа хүрээнд дотоодоос бараа, бүтээгдэхүүн худалдан авах 30 гэрээ байгуулсан бөгөөд нэмж 18 гэрээ байгуулахаар ажиллаж байна.